Канад улсын хар арьстай иргэдийн эрхийн төлөө тэмцэгч анхны эмэгтэй Виола Десмондын /1914-1965/ хөрөг бүхий босоо хэлбэртэй мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулжээ.
Канадын төв банкны сайтад мэдээлснээр, нийгмийн шударга байдлын төлөөх тэмцлийн домог болсон Виола Десмондын хөрөг бүхий 10 канад долларын мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулах албан ёсны үйл ажиллагаа Канадын Манитоба мужийн хүний эрхийн музейд болсон байна.
Өвөрмөц дизайн бүхий мөнгөн тэмдэгтийн загварыг энэ оны гуравдугаар сард танилцуулсан аж. Канадын сангийн сайд Уильям Морногийн хэлснээр, Канадын анхны ерөнхий сайд сэр Жон Макдональдын /1815-1891/ хөрөг 10 долларын мөнгөн тэмдэгт дээр дүрсэлсэн байсан бөгөөд ирээдүйд түүний хөргийг илүү том мөнгөн дэвсгэрт дээр дүрслэх аж.
1946 онд Виола Десмонд Шинэ Шотланд мужийн нэгэн кино театрын “зөвхөн цагаан арьстнуудад зориулсан бүс”-ээс гарахаас татгалзсаны төлөө баривчлагдан, торгууль төлжээ. Хожим нь энэ хэрэг Канад дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлийн эхлэлийг тавьсан аж.
Ойрын үед Канадын төв банк 5 канад долларын мөнгөн дэвсгэрт дээрх тус улсын ерөнхий сайд Уилфрид Лорьегийн /1841-1919/ хөргийг солихоор зэхэж байгаа гэнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )