Байгалийн гамшигт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй орнууд

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

Германы Bündnis Entwicklung Hilft нийгэмлэгийн шинжээчид байгалийн гамшигт амиа алдах өндөр эрсдэл бүхий улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Судлаачид 171 орны байгалийн гамшгийн статистик болон тухайн орны эрх баригчдын байгалийн гамшигт бэлэн байдлын төвшинг авч үзсэн байна.

Судалгаанаас үзвэл Вануату, Тонга улсад байгалийн гамшигт өртөн, амиа алдах эрсдэл хамгийн өндөр гэнэ. Эдгээр арлын орнууд газар хөдлөлт, цунами болон далайн хар шуурганд өртөх аюултай гэнэ. Филиппинд хөрсний гулгалт, галт уул дэлбэрэх өндөр эрсдэлтэй аж.

Мөн аюултай орнуудын тоонд Төв Америк, Баруун болон Төв Африк, Зүүн Өмнөд Азийн улс орнууд багтсан бол хойд хөрш ОХУ эрсдэл хамгийн багатай орнуудын тоонд оржээ. Катар, Мальта, Саудын Арабт байгалийн гамшигт амиа алдах эрсдэл бага байна.

Бага болон дунд орлоготой Ази, Төв Америк, Номхон далайн арлын орнууд хамгийн өндөр эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл нь дэд бүтэц бөгөөд зам, нисэх онгоцны буудал ихтэй орнуудад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж ихтэй гэнэ. Үүний сацуу, цахилгаан, усны хангамж, эрүүл мэндийн байгууллага ихээхэн ач холбогдолтой гэж дүгнэжээ.

Олон улсын  SOS байгууллагын шинжээчид 2019 онд жуулчдад хамгийн аюултай улс орнуудаар Ливи, Афганистан, Сомали, Сири, Йемен, Мали болон Өмнөд Суданыг нэрлэсэн юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2018 оны 11 сарын 21

japan uulni negdugeert baimeer ym

0  |  0
Top