Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмшигч “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарлалаа гэж Блүүмберг мэдээлээд байна. Компанийн албан сайтад Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн түр хугацааны дарга Сүнь Маогийн нэр устай мэдэгдэл ч гарчээ.
Эргэн санахад, “Саусгоби Ресурс” компанийн охин компани болох “Саусгоби сэндс” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгой нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулах нь 2008 онд тодорхой болж байв.
Тэгвэл “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарлах болсон шалтгаан нь Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор одоогоос есөн жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэнтэй холбоотой юм. Тухайн үед тэд ЗЭЭЛ хэмээн тайлбарлаж байхтай зэрэгцэн "500 сая ам.долларын төлөөс нь “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны 29,9 хувь. Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци 500 сая ам.доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч байна" гэж харагсад байсныг сануулах хэрэгтэй байх.
Харин есөн жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д хоёр хоногийн өмнө буюу 2018.11.19-нд багтаан төлөх байсан 41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй бөгөөд дампуурлаа зарлах нөхцөл байдал бүрдсэн гэж үзжээ.
Эндээс харахад, БНХАУ Монгол болон бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээгээ бодлогоор хумиж буйтай зэрэгцэн “Саусгоби Ресурс” компани Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр билүүт, Заг сүүж зэрэг нүүрсний орд газруудыг өрөндөө өгөөд, Монголоос гарахаар шийдсэн үү гэдэг асуудал анхаарал татахаар байгаа юм.
Сануулахад, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2008 оны наймдугаар сард нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК-ийг Монголд байгуулж байв. 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Саусгоби Ресурс” буюу “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан үүх түүхтэй. Улмаар “Саусгоби Ресурс” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ компанийн угшил Р.Фрийдландын “Айвенхоу” гэдгийг уншигч та ойлгосон биз ээ.
Р.Фрийдландын “Айвенхоу Майнз”-ын тухайд охин компаниудаа хөрөнгөөс тусгаарлах, татвараас зайлсхийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс орнуудын хууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор Нидерланд, Их Британийн Виржиний арлууд, Аруба зэрэг газар сайгүй тархаан байгуулдаг. Яг энэ жишгээ “Саусгоби Ресурс” дээр ч давтсан.
“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ЛИЦЕНЗҮҮД ХЭНИЙХ БОЛОХ ВЭ?
Өмнийн говийн найман суманд хайгуул хийж, Овоот толгой зэрэг ордуудаас олборлолт хийсэн “Саусгоби Ресурс”-ийн удирдлагууд одоогоос зургаан жилийн өмнө 2012 онд БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанийн удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийж, “Саусгоби Ресурс”-ын 57.6 хувийг 898 сая ам.доллараар үнэлэн худалдахаар гэрээлээд буй тухай мэдээллийг үүнийг өгүүлэгч би вээр анхлан нийтэлж байсныг тодотгоё. Нэг биш хэд хэдэн орд, тэр дундаа геологичдын хэлж ярьдгаар стратегийн ордын шууд үргэлжлэл болох орд газруудыг эзэмшигч “Саусгоби Ресурс” манайхнаас юу ч асуулгүйгээр өмнөд хөршийн төрийн өмчит компанитай тохирсон асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд чамгүй дуулиан дагуулж байв.
Зургаан жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” өр төлбөрийнхөө үлдэгдэл болох 41 сая ам.долларыг төлөхөөс татгалзаж байна.
Манай улсад төлөх ёстой 35 сая ам.долларын татвараас зугтаж, экс удирдлагууд нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өршөөл хүртэж байсан “Саусгоби Ресурс” энэ оны гуравдугаар улирлын байдлаар 24 сая ам.долларын орлоготой ажилласнаа тайлагнасан байдаг. Чухам харин дампуурлаа зарлах болсон шалтгаан нь БНХАУ-ын нүүрсний бодлоготой холбоотой юу гэдэг асуудал одоо анхааралд орж ирлээ. “Саусгоби Ресурс” дампуурлаа зарласнаар тэдний мэдэл дэх 2036-2047 он хүртэлх зөвшөөрөлтэй лицензүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал бас байна.
Хэдийгээр хөрш орон нүүрсний худалдан авалтаа танаж байгаа ч гуравдагч зах зээл Монголын нүүрсний өмнө нээгдэх ёстой цаг үе зүй ёсоор тулаад байна. Тиймээс Монголын нүүрсний бүлэг орд газрын эзэмшигч хэн байх вэ гэдэг сэдэв анхаарлын гадна үлдэх ёсгүй.
“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ХЯТАД УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ!
“Саусгоби Ресурс” компанийн одоогийн удирдлагуудын мэдээллийг харахад ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байна. Энэ нь тус компани Хятадын төрийн өмчит "Чалко"-той хийсэн тохироогоо асуудал намжсаны дараа ажил хэрэг болгочихсон юм биш биз гэж харахад хүргэж байгаа юм. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогджээ. Дандаа л туршлага арвинтай хүмүүс гэж компанийн албан ёсны сайтад бичсэн байсан. Тэгвэл шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй ДАМПУУРЛАА зарлалаа.
Компанийн удирдлагуудтай танилц!
Гүйцэтгэх захирал Ван Шөүгао
Санхүү эрхэлсэн захирал Жан Вэйгуо
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гуо Аймин
Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Чэнь Жывэй
Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Ли Шяошяо
"Саусгоби сэндс" ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Чулууны Мөнхбат
Э.БОЛОРХАЖИД
Сэтгэгдэл ( 8 )
Оюун эрдэнэ сайдаа Өмнөговь руу анхаарлаа хандуулахгүй бол болихоо байжээ Цогцэций сумд дахь Энержийг иргэн Оджаргалаас авах Гурвантэс Номгон сумд Хятадууд дураараа айшилж байна шүү дээ За Тэгээд Таван толгойд нүүрс тээвэрлэгч 170 орчим компаниуд магадгүй хагас нь хятад эзэнтэй байна үүнд хятад компанид ажиллаж байгаа монгол жолооч нарын эрх ашиг тун ноцтой зөрчигдөж байна. ЭНэ олон тээвэрлэгч компаниудыг цэгцэлж цомхон болгох хэрэгтэй байна арай хэтэрч байна
Dampuurlaa ghd ajilchd.n yadg ym bol
Litsenz nertei tsaasaar gazar shoroogoo zarj duuslaa
Юу л болоод бна да
18 zuunii haraal nomer ee burhan min
Хүрэлсүхтэй хариуцлага тооц
Монголын баялгийг гадныханд егч байгаа нехдуудэд хариуцлага тооцохгуй бол ихэнх газар Нутаг баялаг маань гадных болчихсон байх вий дээ