Йеменд 85 мянган бага насны хүүхэд харангадаж үхсэн тооцоо гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

Британийн Хүүхдийн төлөө сангийн судалгаагаар, гурав гаруй жилийн өмнөөс хурцадсан Йемений дайны улмаас таваас доош насны 85 мянган хүүхэд харангадаж эсвэл өвчний улмаас хорвоог орхижээ.

НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг нэвтрүүлдэг гол боомт болох Ходейдах боомт хотод нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор ийнхүү хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн гэж үзэж байна.

Зуун мянган хүний амийг авч одсон Йемений дайн тус улсын 14 сая иргэнийг харангадаж үхэх аюулын ирмэгт авчирсан гэж НҮБ-ын илтгэлд дурджээ.

Хүүхдийн төлөө сангийн мэдээллээс үзвэл, Ходейдах боомтыг Саудын Араб тэргүүтэй эвсэл бүсэлснээс үүдэн тус улсын хүнсний импортын хэмжээ 55 мянган тонноор сар бүр буурчээ. Энэ нь 4.4 сая хүний хэрэгцээг хангах хүнс бөгөөд импортын хэмжээ цаашид буурвал тус улсын иргэд харангадаж үхэх аюул улам нэмэгдэнэ гэж тус сан сэрэмжлүүлж байна.

Одоогоор хүмүүнлэгийн тусламжийг Аден боомтоор нэвтрүүлж байгаа нь Ходейдах боомтоор хүргэснээс гурав дахин илүү цаг хугацаа шаардаж байна.

НҮБ-ын тооцоолсноор, энэ жил 400 мянган бага насны хүүхэд хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн нь өнгөрсөн жилээс даруй 15 мянгаар илүү байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top