Хойд болон Өмнөд Солонгос цэргийн бүс дэх авто замаа холболоо. Сөүл, Пхеньян хоёр 12 метрийн өргөнтэй хайрган замыг цэрэггүй бүсэд холбох талаар өмнө нь тохиролцоонд хүрсэн билээ.
Хамгийн ширүүн тулаан болж байсан бүсэд Хойд болон Өмнөдийг холбосон зам нээсэн нь түүхэн ач холбогдолтой. Замыг холбосноор талуудад хуучин дайны шархыг аниулж, амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх хамтарсан ажиллагааг эрчимжүүлэх боломжийг нээж байна гэж БНСУ-ын батлан хамгаалах яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.
Энэ оны есдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэг болон дайны аюулаас ангижруулахад хамтын хүчин чармайлт гаргах тухай хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Аюулгүй байдлыг хангах, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт заажээ. Үүнээс гадна, талууд авто болон төмөр замыг энэ оны дотор холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон.
Хоёр Солонгосын эрх баригчид төмөр замыг холбох ажлын нээлтийн ёслолыг арваннэгдүгээр сарын сүүлээр юм уу, арванхоёрдугаар сарын эхээр хийхээр тохиролцжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )