Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Мексикийн Тихуана хилийн хотод бөөгнөрсөн Төв Америкийн хэдэн зуун дүрвэгч АНУ-ын хилтэй залгаа гүүрний зүг чиглэжээ. Тэд АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хилийн хот, Мексикийн Тихуана хилийн боомт хотыг холбосон Эль-Чапаррель гүүрэнд тулж ирээд байгаа юм. Нөхцөл байдлыг АНУ-ын нисдэг тэрэгнүүд дээрээс нь ажиглаж байгаа аж.
Мексикт үлдэх, эсвэл АНУ-д орогнох хүсэлтээ албан шугамаар тавихыг орон нутгийн эрх баригчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид дүрвэгсдэд санал болгож байгаа бөгөөд Тихуана хотын эрх баригчид тэдэнд зориулж ажлын байрны үзэсгэлэн хүртэл зохион байгуулсан байна. Үүнээс гадна, Мексикийн цагаачлалын алба дүрвэгсдийг түр оршин суух зөвшөөрөл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн аж. Зарим дүрвэгсэд эдгээр саналыг хүлээн авсан хэдий ч, ихэнх нь АНУ-д очихыг хүсч байгаа гэнэ.
Нэг сарын өмнө бий болсон Гондурас, Сальвадор, Гватемал зэрэг Төв Америкийн улс орны иргэдээс бүрдсэн дүрвэгсдийн цуваа нийт 4400 гаруй км замыг туулж эхнээсээ АНУ-тай хил залгаа Мексикийн Тихуана хилийн боомт хотод ийнхүү тулж ирээд байгаа юм.
АНУ-ын зүгээс дүрвэгсдийн цувааг хилээр нэвтрүүлэхгүйн үүднээс Мексиктэй залгаа хил дээр нэмэлт хүч илгээсэн бөгөөд одоогийн байдлаар хил дээр 5.9 мянган цэрэг байрлуулаад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шаардлагатай үед дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх эрхийг цэргүүдэд олгосон юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )