Догшин хар салхи Катринагийн гамшигт өртөж, орон гэргүй болсон олон айл өрхөд жүжигчин Брэд Питт 10 гаруй жилийн өмнө тусламжийн гараа сунгаж, шинэ байшин босгож өгөхөөр амласан юм. Ингээд хоёр жилийн хугацаанд 100 гаруй байшин барьж, нэг бүрийг нь 100-130 мянган ам.доллараар заржээ. Гэвч 10 жилийн дараагаар барилгуудыг чанар муутай хэмээн хэл ам гарч, эцэстээ Брэд Питтэд хууртсан гэсэн шалтгаанаар хэсэг хүмүүс шүүхэд ханджээ.
Анжелина Жолигоос хоёр жилийн өмнө салсан ч гэсэн хүүхэд асран хамгаалах тал дээр одоо хүртэл маргаантай хэвээр шүүхдэлцсээр буй асуудал дээр нь ийнхүү олон хүний зарга нэмэгдэж, Брэд Питт давхар дарамтад ороод байна.
2005 онд Нью-Орлеанд Катрина хар салхи дэгдэж, ихээхэн хэмжээний хор хохирол учруулахад Брэд Питт байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахаар барилгын тусгай компани байгуулж, нийтдээ 26.8 сая ам.долларыг барилгын ажилд зарцуулсан юм.
Гэвч барилгын хана цуурч, сантехникийн хоолой эвдэрч, гэрэл цахилгааны доголдол байнга гарах болсон гэнэ.
“Засч янзалж өгнө гэж олонтаа амласан ч одоо хүртэл нэг ч ажил хийгээгүй” гэж нэг хүн мэдэгдсэн бол “Брэдэд бид жилийн турш хэлж байгаа. Тэр мэдэж байх ёстой. Гэвч засч засварлах гээгүй. Шүүхэд өгтөл тэр юу ч хийгээгүй” гэж мөн нэг иргэн ярьсан байна.
Ийнхүү хэрэг явдал шүүхэд хүрсний дараагаар Брэд Питт “Катрина хар салхи гарснаас хойш 10 жил өнгөрөхөд бид барилгын чанарыг шалгасан. Оршин суугчдын хүсэлтээр бид энэ оноос эхлэн засвар хийж эхэлсэн. Бид орон байр барьж өгнө гэсэн амлалтаа биелүүлсэн шигээ мөн засвар хийнэ гэж хэлсэн амандаа хүрэх болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mungutei yavahk hetsuu yumaa.munguggui bol buur hetsuu.