Японы Осака хот эрүүл мэнд, эмнэлгийн технологиор хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох амлалт өгч, Дэлхийн ЭКСПО-2025-ыг зохион байгуулах эрхийг олж авлаа. Энэ эрхийн төлөө Оросын Екатеринбург, Азербайжаны Баку хотууд мөн өрсөлдсөн юм.
Ийнхүү, Осака муж Дэлхийн хамгийн том үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулах бөгөөд өмнө 1970 оны ЭКСПО-г зохион байгуулж байжээ. 1970 оны үзэсгэлэнд нийт 64 сая хүн оролцсон нь тус арга хэмжээний түүхэнд хамгийн их тооны хүн оролцсон Шанхайн ЭКСПО-2010 дараа ордог юм.
“Бид дэлхийг алмайруулах болно. Шинэ эхлэлийг бид энд тавих болно” хэмээн Осака мужийн амбан захирагч Ичиро Мацуй Парис хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблей дээр мэдэгджээ.
Амьдралынхаа төлөө ирээдүйн нийгмийг бүтээх нь гэсэн сэдвийн дор болох арга хэмжээгээр Осака хот тогтвортой нийгмийг бүтээх дэлхийн нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилго тавьж байна.
2025 оны тавдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд төлөвлөгдсөн тус үзэсгэлэнд 28 сая хүн оролцож, орон нутгийн эдийн засагт 2 их наяд иений орлого оруулахаар тооцоолж байгаа гэнэ.
Дэлхийн ЭКСПО таван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд сэдэв нь тухайн цаг үеийн хамгийн чухал асуудлыг тусгадгаараа онцлог. Францын Парис хот энэхүү эрхийн төлөө өрсөлдөж байсан ч энэ оны эхээр санхүүгийн асуудлаас үүдэн нэрээ татаж авсан юм.
Өмнөх ЭКСПО 2015 онд Италийн Милан хотноо болсон бол 2020 оны ЭКСПО Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо болох юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )