Туркийн цагдаа Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагатай холбогдуулан эрэн хайх ажиллагааг Туркийн баруун хойд Ялова мужид үргэлжлүүлэн явуулж байна.
Истанбул хотын прокурорын газраас өгсөн зөвшөөрлийн дагуу тус хотоос 100 км зайд орших том хэмжээний цэцэрлэг, худаг бүхий эдлэн газруудад эрэн хайх ажиллагааг явуулж байгаа гэнэ. Ингэхдээ, цагдаагийнхан нохой болон дрон ашиглаж байгаа аж. Мөн галын машинууд дайчлагдан ажиллаж байгаа аж. Эдгээр эдлэн газрууд Саудын бизнесмен Мухаммед Ахмед Альфаузаны өмч бөгөөд тэрбээр Саудын угсаа залгамжлагч ханхүүтэй холбоотой.
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, сэтгүүлч Хашоггийг алагдахаас нэг хоногийн өмнө Альфаузан руу сэтгүүлчийн аллагыг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 15 этгээдийн нэг болох Саудын цагдаагийн хошууч Мансур Отман Абахуссейн утсаар залгасан гэнэ.
Сануулахад, Washington Post сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамаль Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газраас бичиг баримт авах гэж ороод, алга болсон билээ. Хэдэн долоо хоног няцаасны эцэст Саудын Арабын тал Жамаль Хашогги хөнөөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Түүний цогцос одоо болтол олдоогүй байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )