Австралид гал, усны гамшиг зэрэг нүүрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинслэнд мужид дэгдсэн ойн түймэр 20 мянган га талбайг хамарчээ.

Ойн түймэр онц байдлын хэмжээнд хүрсэн бөгөөд эрх баригчид нүүхээс татгалзсан иргэдийн аюулгүй байдлыг хангах баталгаа өгч чадахгүй болсноо мэдэгджээ. Зарим газарт нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Иймээс, түймрийн аюул нүүрлэсэн хот, сууринд үлдсэн иргэдийг хамгаалалтын хувцас өмсч, цонх, хаалганыхаа доор нойтон алчуур тавьж, аль болох олон тооны гарцтай байранд хорогдохыг зөвлөжээ. 

Хүчтэй салхи гарч байгаа учир галаар шуурах аюулаас сэрэмжлүүлсэн байна. Ойн түймрийг унтраахаар найман онгоцыг дайчилсан бөгөөд хамгийн том галын онгоц нь 15 мянган литр ус тээвэрлэх хүчин чадалтай гэнэ.

Ойн түймэртэй зэрэгцэн Австралийн Сидней хотод хүчтэй аадар бороо орж, үер болж байна. Австралийн Цаг уурын товчооны өгсөн мэдээллээр, зарим газарт 73 гаруй мм бороо цагийн дотор орсон гэнэ. Арваннэгдүгээр сард Сидней хотод дунджаар нийт 83 мм тунадас ордог аж.

Хүчтэй аадар, үерийн улмаас нислэгүүд хойшлогдож, төмөр болон авто замын хөдөлгөөн зогссон бөгөөд 3500 хүн гэрэл цахилгаангүй болжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top