Дэлхийн хамгийн анхны генийн засвартай хоёр ихэр охидыг бүтээсэн гэх Хятадын эрдэмтэн шуугиан дэгдсэний дараа анх удаа олны өмнө өөрийн бүтээлээ хамгаалжээ.
Хонконгт болсон Генийн дээд хэмжээний уулзалт дээр Шэньжэний их сургуулийн дэд профессор Хэ Жианкуй өөрийн бүтээлээр бахархаж байна гэжээ. Генийн засвартай бас нэгэн ураг эхний үе шатандаа байгаа хэмээн тэрбээр мэдэгдээд ДОХ-ын халдвартай найман хос сайн дурын үндсэн дээр туршилтад орсон гэнэ. Эхэн үед туршилтаа өөрөө санхүүжүүлж байсан хэмээн тэрбээр ярьжээ. Профессор Хэ судалгааны ажлаа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлэхээр өгсөн байсан тухай дурдсан ч, сэтгүүлийн нэрийг нь хэлээгүй байна.
Олон нийтийн дунд шуугиан тарьсан энэхүү мэдээллийг Хятадын эрх баригчид шалгахаар болсон билээ.
Профессор Хэгийн ажилладаг Шеньжений Шинжлэх ухаан, технологийн их сургууль түүний судалгааны төслийн талаар мэдээгүй хэмээн мэдэгдэж, шалгалт явуулахаар болжээ.
Профессор Хэ ихэр охидыг ДОХ-ын халдвар авахаас сэргийлэх үүднээс генд нь засвар хийсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч бусад эрдэмтэд түүний энэ санааг аймшигтай хэмээн нэрлэсэн юм.
Хүний генийг өөрчлөх нь дэлхийн ихэнх улс оронд хориотой байдаг билээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )