Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан судалгаагаар энэ зууны сүүл гэхэд дэлхийн агаарын дундаж хэм 3-5 градусаар нэмэгдэнэ гэсэн дүн гарчээ. Дэлхийн дундаж хэм хоёр градусаар нэмэгдэхэд далайн төвшин нэмэгдэх, зарим төрлийн амьтан устах, ургамлын төрөл зүйл багасах, байгалийн аюулт үзэгдэл эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай юм.
Одоогоос гурван жилийн өмнө батлагдсан Парисын тунхагаар агаарын дундаж хэмийг нэмэгдүүлэхгүй байх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрсэн цахилгаан станцыг аажмаар халах, цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьсан.
“Бидэнд хийх зүйл их байна. Хэрвээ бид юу ч хийхгүй алмай хандвал 2100 он гэхэд дэлхийн агаарын хэм 3-5 градусаар нэмэгдэнэ. Парисын тунхагийг өндөр хөгжилтэй орнууд оройлон оролцож, хэрэгжүүлэх ёстой” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас ярьжээ.
Цаг уурын байгууллагын гаргасан судалгаагаар 2050 он гэхэд агаарын хэм 1.5 градусаар нэмэгдэх бөгөөд энэ цаг үед байгалийн элдэв гамшигт үзэгдэл нэмэгдэх юм байна. Хэрэв Парисын тунхгын зорилтыг энэ хугацаанд хэрэгжүүлж чадвал агаарын дундаж хэм 0.5 градусаар нэмэгдэнэ гэж эрдэмтэд дүгнэж буй билээ.
Б.АЗАА
Сэтгэгдэл ( 0 )