Сүүлийн арван жилд анх удаа Сөүлээс Хойд Солонгосын зүг өнөөдөр /2018.11.30/ галт тэрэг хөдөллөө. Албаны хүмүүс болон шинжээчдээс бүрдсэн зорчигчид Хойд Солонгосын Хятадтай хиллэдэг Синыйжу хот хүртэлх төмөр замын байдалд үнэлэлт дүгнэлт хийх юм. Энэ нь хоёр Солонгосын төмөр замыг холбох бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл юм. Албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд БНСУ-ын үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд, тээврийн сайд, парламентын гишүүд болон улс төрийн намуудын төлөөлөгчид багтсан аж.
Өмнөд Солонгосын шинжээчид 18 өдрийн турш 1200 км төмөр замын байдлыг судалж, шинэчлэл хийх шаардлагатай хэсгүүдийг олж тогтоох юм.
Хойд бүсэд Сөүлийн галт тэргийг Хойд Солонгосын зүтгүүрт залгасан байна. Зургаан хоногийн дараа галт тэрэг Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан боомтод хүрч, зүүн чиглэлээр 800 км явж, ОХУ-тай хил залгаа Туманган голд хүрэх гэнэ.
Хоёр Солонгосын тэргүүн нар энэ оны есдүгээр сард Пхеньян хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр төмөр замаа холбох тухай тохиролцоонд хүрсэн юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )