Францын ерөнхий сайд Эдуар Филипп Франц улсад гарч буй олон нийтийн жагсаал, үймээний гол шалтгаан болоод буй шатахууны татварыг нэмэгдүүлэхийг хойшлуулахаар төлөвлөж байна гэж Франс Пресс агентлагийн мэдээллээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 17-нд Франц улс даяар “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн бензиний үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нд Париж хотноо цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, олон тооны машин шатааж, үймэн дэгдсэн билээ. Энэ үймээний улмаас 412 хүн саатуулагдаж, 133 хүн гэмтэж бэртсэн байна.
Олон жилийн туршид Франц улсад түлш, бензиний үнэ харьцангуй хямд байсан бөгөөд ерөнхийлөгч Э.Макроны хэрэгжүүлж буй эдийн засгийн хөтөлбөрт татварыг нэмэгдүүлэх замаар Франц улсын түлш, бензиний хамаарлыг бууруулж, эрчим хүчний өөр эх үүсвэрт шилжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Иймээс сүүлийн 12 сард дизель түлшний үнэ 23 хувиар, бензиний үнэ 15 хувиар тус тус өсөөд байна. Үүний нэг шалтгаан нь мөн хүлэмжийн хийн ялгаралд ногдуулж буй экологийн татвар болоод байгаа юм.
Шатахууны үнийн өсөлтийг эсрэг эхэлж байсан олон нийтийн жагсаал сүүлдээ Макроны засгийн газрыг бүхэлд нь эсэргүүцэх хэлбэрт шилжээд байгаа билээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )