Натали Портман сэтгүүлийн зураг, гарчгаас болж Жессика Симпсоныг хямраав

2018 оны 12 сарын 07

“Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портманы тоглосон “Vox Lux” киноны трейлер олны сонирхлыг гойд татаад байгаа билээ. Тус кинонд поп од болохыг хүсч тэмүүлж буй бүсгүйн дүрийг Натали Портман бүтээсэн юм.

Шинэ киногоо сурталчлах зорилгоор USA Today-д жүжигчин эмэгтэй ярилцлага өгөхдөө дуучин, жүжигчин Жессика Симпсонтой зөрчилдөх шалтгаан хөндөөд амжжээ.


“Өсвөр насандаа Жессика Симпсоны зурагтай, “Би онгон” гэсэн гарчигтай нэгэн сэтгүүлийн нүүрийг харснаа одоо ч санаж явдаг. Тэр өөрийгөө гэмгүй ариухан охин мэтээр олонд харуулж яах гэснийг ойлгодоггүй” хэмээн Натали Портман өгүүлжээ.

Тэгвэл өдгөө 38 настай Жессика Симпсон тэр даруй Натали Портманд хэвлэлээр дамжуулан хариулт өглөө. “1999 онд үнэхээр ариухан байхдаа тэр сэтгүүлийн нүүрэнд гарсныг минь элдвээр хэлсэнд би багагүй хямарлаа. Бид хоёр хоёулаа л олны нүдний өмнө явдаг хүмүүс. Бидний ажиллаж амьдарч буй энэ салбар өөрөө л аяндаа хүнийг удирдаад, янз бүрийн дүрд оруулчихдаг. Гэхдээ л би өөрийнхөөрөө байж, үгээ зөв илэрхийлж сурсан. Тухайн үед усны хувцастай зураг авахуулахдаа би сексийн тухай бус харин гоо бие галбираараа бахархая л гэж бодсон юм. Эмэгтэйчүүд гоё сайхан харагдахыг хүсдэг. Би тийм л зүйл хийсэн. Би өөрийнхөөрөө амьдардаг болохоор бусдын сонголтыг ч буруутгадаггүй” гэж Жессика Симпсон өгүүлжээ.


Жессика Симпсоны ET сэтгүүлд өгсөн энэхүү ярилцлагыг уншаад Натали Портман уучлалт гуйсан байна. “Би хэн нэгнийг олны шившиг болгох гээгүй юм шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр насны охидод хэрхэн буруу үлгэр жишээ үзүүлдгийг л тодотгож хэлэх гэсэндээ тэр дурсамжаасаа хуваалцсан юм. Миний үг сэтгэлийг тань хямрааж шаналгасан бол уучлаарай. Би ингэхийг хүсээгүй юм шүү. Тодорхой нэр дурьдсанаараа би алдаа гаргажээ. Хувь хүний нэр цохолгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байж” хэмээн Натали Портман өгүүлсэн байна.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрийн эзэгтэй(103.57.94.214) 2018 оны 12 сарын 07

Амьдралд боловсорч соёлжсон хүмүүс алдаагаа хурдан ухаарч, уучлал гуйж, учир зүйгээ амархан олж байгааг уншихад их таатай байлаа.

0  |  0
Top