Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 08

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчдын  дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 90 хоног худалдааны дайны “гал”-ыг түр зогсоох тохиролцоонд хүрсэн билээ. Энэ хугацаанд Трамп ирэх оны 1-нээс төлөвлөж байсан Хятадын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын тарифыг нэмэгдүүлэхгүй бол Ши Жиньпин тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн АНУ-аас худалдан авах замаар хоёр улсын хооронд үүсэн худалдааны алдагдлыг бууруулахаар тохирсон. оёр том гүрний хооронд хурцдаад байсан худалдааны дайн намжих байх гэсэн найдвар, хүлээлт бий болоод байсан билээ. Гэтэл БНХАУ-ын харилцаа холбооны хамгийн том “Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охиныг Канад улсад баривчилсан нь энэхүү хэврэг итгэл, найдварын галыг бөхөөж магадгүй хэмээн шинжээчид түгшиж байна. Тус компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, санхүүгийн асуудал хариуцсан захирлын албан тушаалтай Менг Ванжоуг АНУ-д шилжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд АНУ-д “Huawei” компанийг Ираны эсрэг тавьсан хоригийг зөрчсөн хэмээн сэжиглэж байгаа юм. Хятадын тал Мэнг Ванжоуг даруй суллаж, Оттава, Вашингтоноос түүнийг саатуулах болсон шалтгааныг тодруулахыг шаардаж байгаа юм.

Дөрвөн жил үргэлжилж, олон мянган хүний аминд хүрсэн Йемений дайныг төгсгөл болгох алхмыг энэ долоо хоногт хийлээ.  НҮБ өөрийн онгоцоор Йемений дайнд шархадсан 50 хусит босогчдыг Йемений нийслэл Сана хотоос Оман улс руу шилжүүлэв. Энэ нь хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хооронд хэлэлцээ хийх баталгаа болгон хэрэгжүүлсэн ажиллагаа юм. Тус хэлэлцээ НҮБ-ын ивээл дор Шведэд арванхоёрдугаар сарын 6-нд эхэлж Йемений дайныг зогсоох, улс төрийн шийдлийг олоход ихээхэн ач холбогдолтой юм. Хэлэлцээний үеэр шоронд хоригдож буй хүмүүсээ солилцох гэрээ байгуулсан тухай НҮБ-ын тусгай элч Мартин Гриффит мэдээллээ.

2015 оноос хойш хурцдаад буй Йемений дайны улмаас 6660 гаруй энгийн иргэд амиа алдаж, 10560 иргэд шархаджээ. НҮБ-ын мэдээллээс үзвэл, олон мянган хүн мөн халдварт өвчин, хоол хүнсний дутагдлаас болж нас баржээ.

Бид дэлхийн дулаарлыг урьдчилан сэргийлж чадах сүүлчийн үе бөгөөд энэхүү гамшгийн үр нөлөөг амсах эхний үе гэсэн сануулгаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Польш улсад эхэллээ. Хоёр долоо хоног үргэлжлэх тус хурлаар 2015 оны Парисын гэрээг хэрхэн бодит ажил хэрэг болгох талаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд агаарын температур хамгийн өндөр хэмийг зааж, хүлэмжийн хийн ялгарал дахин нэмэгджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг тав дахин эрчимжүүлж байж дэлхийн дулаарлыг 1.5 градуст барьж чадна гэж эрдэмтэд сануулж байна.

Энэхүү арга хэмжээтэй зэрэгцэн Дэлхийн банк дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулж 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 2021-2025 онуудад зарцуулах болсноо зарлав.

Хөгжингүй улс орнууд 2020 он гэхэд жилд 100 тэрбум ам.долларыг ядуу, буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүчийг хөгжүүлэхэд зарцуулах амлалт өгсөн бөгөөд энэ удаагийн уулзалт эдгээр амлалтын хэрэгжилтийг хэрхэн баталгаажуулахад анхаарлаа хандуулах юм.

Франц улсад шатахууны татварыг нэмэхийг эсэргүүцэн энэ оны арваннэгдүгээр сарын 17-нд эхэлсэн “шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаан хүрээгээ тэлж, Францын ерөнхийлөгч Уммануэль Макроны засгийн газрыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний тэмцэл болон хувираад байна. Арванхоёрдугаар сарын 1-нд Париж хотноо цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, олон тооны машин шатааж, үймэн дэгдсэн билээ. Энэ үймээний улмаас , 4 хүн амиа алдаж, 412 хүн саатуулагдаж, 133 хүн гэмтэж бэртсэн байна. 

Хэдийгээр Эммануэль Макроны засаг захиргаа 2019 онд шатахууны татварыг нэмэхгүй байх шийдвэр гаргаад байгаа ч “шар хантаазтнуудын” уур хилэн дарагдаагүй хэвээр байна. Францын эрх баригчид ерөнхийлөгч Эммануэль Макроныг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдээр дахин гарч болзошгүй хэмээн сэрэмжлэн Эйфелийн цамхаг, Луврын музей болон Елисейн талбай орчмын дэлгүүр, музей зэргийг хаахаар болжээ. Гарньер, Бастилийн театрууд арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн тоглолтуудаа мөн цуцлаад байна.

Францын ерөнхий сайд Удэур Филиппийн хэлснээр, Парис хотод найман мянган цагдаагийн алба хаагчдыг дайчлаад байгаа бол Франц улс даяар нийт 89 мянган цагдаа дайчлагдан ажиллаж байгаа гэнэ.


Энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай 2019 оны эхээр хоёр дахь удаагаа уулзана гэж найдаж буйгаа илэрхийлж, “Байконур” сансрын хөлгийн буудлаас хөөрсөн “Союз МС-11” сансрын хөлөг “Мир” олон улсын сансрын станцтай амжилттай холбогдож, “Реал” багийн хагас хамгаалагч, Хорват улсын иргэн Лука Модрич France Football сэтгүүлээс олгодог дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорч, Эльфийн дүрд хувирсан шууданч алс бөглүү хотын бяцхан сурагчдад хүслийн захиа нь Санта өвөөд хүрнэ гэсэн итгэл өгч, алтан зоосоор бүтээсэн Зул сарын гацуураар гангарч, Chanel компани бүтээгдэхүүндээ этгээд амьтдын арьс, үсийг ашиглахаа зогсоох байгаль орчинд ээлтэй шийдвэр гаргасан олон сайхан үйл явдал дүүрэн дэлхийг нуруундаа үүрсэн яст мэлхий гэрэл зурагт мөнхөрсөн долоо хоног болж өнгөрлөө.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.107) 2018 оны 12 сарын 08

SHASHIN HUNIIG MUHRUULAGCH TODIIGUI HARGIS BOLGOGCH

0  |  0
Top