Мексик дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд 30 тэрбум ам.доллар зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Мексикийн холбооны засгийн газрын зардлыг тус улсын өмнөд бүсийг хөгжүүлэх замаар дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд чиглүүлэх гэнэ. Үүнд ойрын таван жилд нийт 30 тэрбум ам.доллар зарцуулна гэж Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ. 

Энэ бол өмнөд нутагт оруулж буй маш чухал хөрөнгө оруулалт болох юм гэж тэрбээр нэмж хэллээ. Энэхүү хүчин чармайлтаар Мексик улс дүрвэгсдийн асуудлыг цэгцтэй, аюулгүй, тогтвортой замаар шийдвэрлэх боломжтой гэдгийг дэлхийн дахинд харуулахыг зорьж байгаа гэнэ. 

Ингэхдээ, Мексикийн засгийн газар Гондурас, Гватемал, Сальвадорын засгийн газартай хамтран бүс нутгийг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах юм байна. Мексикийн өмнөд хэсгийн Чьяпас болон Оахака мужууд тус улсын хамгийн ядуу бөгөөд эндхийн оршин суугчид АНУ руу олон тоогоор дүрвэдэг аж.

Энэ оны аравдугаар сараас эхлэн Төв Америкийн улс орнуудын иргэдээс бүрдсэн дүрвэгсдийн цуваа АНУ-ын зүг хөдөлсөн билээ. Нийт 10 мянга орчим дүрвэгсэд энэ цуваанд нэгдээд байгаа юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top