Францад буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Францын Страсбург хотын төвд нэгэн этгээд Зул сарын баярын зах дээр цугларсан олон руу гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, арав гаруй хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Франс Пресс агентлагийн мэдээлж буйгаар, терроризмын эсрэг ээлжит ажиллагааны хүрээнд Страсбург хотын төв орчим эргүүл хийж байсан цэргийн алба хаагчид хариу гал нээсэн ч, халдлага үйлдсэн этгээд зугтаж чаджээ.

Халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд нийт 600 гаруй цагдаа нар дайчлагдан ажиллаж байна. Сэжигтэн нь 29 настай Старсбург хотын уугуул бөгөөд өмнө нь зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр ял эдэлж байжээ.

Болсон хэрэгтэй холбогдуулан Страсбург хотын захирагч Ролан Рис Лхагва гарагт /2018.12.12/ гашуудал зарлав. Энэ өдөр Зул сарын баярын үзэсгэлэн худалдаа, концерт, жүжиг зэрэг олон нийтийн цэнгээнт арга хэмжээ болохгүй юм байна.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top