Huawei компанийн санхүүгийн захирлыг батлан даалтаар суллана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Британийн Колумб мужийн дээд шүүх Канад улсад саатуулагдаад байгаа Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг батлан даалтад суллах шийдвэр гаргажээ.

Global News сувгийн мэдээлснээр, батлан даалтын хэмжээг 10 сая канад доллар буюу 7.5 сая ам.доллар байхаар тогтоосон бөгөөд 7 сая канад долларыг бэлнээр тушаах ёстой гэнэ. Мэн Ванжоуг цахилгаан бугуйвч зүүж, паспортоо хураалгах нөхцөлтэйгөөр суллахаар болсон аж.

Мэн Ванжоу Ванкувер хотноо үлдэх бөгөөд тэнд хоёр байшин эзэмшдэг гэнэ. Түүнд оройн 11.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэрээсээ гарахыг хоригложээ.

Түүний шүүх хурал 2019 оны хоёрдугаар сард болох тов гарсан. Хэрэв АНУ түүнийг шилжүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан 60 хоногийн хугацаанд ирүүлэхгүй тохиолдолд, Мэн Ванжоуг суллах юм байна. Хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр дуусах аж.

Huawei компанийн үндэслэн байгуулагч Жэн Чэнфэйн охин Мэн Ванжоуг энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Ванкувер хотноо саатуулсан. Түүнийг Ираны эсрэг АНУ-ын тавьсан хоригийг зөрчсөн гэх хэрэгт сэжиглэн Америкийн тал шилжүүлэх асуудлыг тавиад байгаа билээ.

БНХАУ-ын зүгээс Мэн Ванжоуг саатуулсан хэргийг хүний эрхийг зөрчиж байна гэж мэдэгдээд, Вашингтон болон Оттавад мэдэгдэл хүргүүлсэн юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top