“Time“ сэтгүүл энэ оны аравдугаар сард Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг “Оны хүн”-ээр нэрлэлээ.
Түүний хамтаар Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, Мьянмар улсад хоригдож буй Ройтерс агентлагийн сурвалжлагч Ва Лоун, Кяв Соу Оо болон энэ оны зургадугаар сард АНУ-ын Аннаполис хотноо ажлын байран дээрээ халдлагад өртсөн Capital Gazette сэтгүүлийн хамт олныг /Таван сэтгүүлч нь амиа алдсан/ мөн “Оны хүн”-ээр нэгэн зэрэг тодруулжээ.
"Тэд бүгд өөрийн амь насыг эрсдэлд оруулахаас айгаагүй жинхэнэ үнэнийг хамгаалагчид юм" хэмээн “Time“ сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельсентал онцлов.
1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж буй “Time” сэтгүүл түүхэндээ анх удаа нас барсан хүнийг “Оны хүн”-ээр нөхөн тодруулж буй тохиолдол энэ болж байгаа бөгөөд энэ долоо хоногийн дугаараа дөрвөн өөр нүүр хуудастай хэвлэжээ. Хашоггийн талаар Эдвард Фельсентал “Нас барсных нь дараа түүний нэр, нөлөө ийм их хэмжээгээр өссөн нь ховор тохиолдол” гээд түүний үхэл Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж болон Йемений дайныг өөр нүдээр эргэн харахад хүргэсэн гэдгийг онцолжээ.
2016 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорч байсан бол 2017 онд тус сэтгүүл хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөн эмэгтэйчүүдийг тодруулж байсан юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )