ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Германы Улсыг аюулаас хамгаалах яаманд бүртгэлтэй байсныг гэрчлэх үнэмлэх Дресден хотын архиваас илэрчээ. Мэргэжлийн үнэмлэхийг харвал Дресден хотод бүртгэлтэй B 217590 серийн дугаартай байсан аж. Тэрээр 1986-1989 оны сүүл хүртэл Дресден хотод байнга оршин суусан байна. Хүйтэн дайны сүүлч үеэр буюу КГБ-ын офицер байхдаа Владимир Путин Зүүн Германы Улсыг аюулаас хамгаалах яаманд давхар бүртгэлтэй ажиллаж байсан нь үүгээр нотлогдох юм. Түүнийг Дресден хотод ажиллаж байхад Зүүн Германд ардчилсан хөдөлгөөн хүчээ авч, энд тэндгүй жагсаал цуглаан болж байсан түүхэн цаг үе байсан билээ.
Тухайн үедээ Зүүн Германы дотоодод болж буй үйл явдал, дотоодын тагнуул гэгдэж байсан уг газар хамгийн хүчтэй агентлаг байсан юм. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 1980-аад оны үед Дресден хотод КГБ-ын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсныг Дресден хотын Улсыг аюулаас хамгаалах яамны архивын ажилтан Конрад Фелбер баталсан байна. Улмаар энэ сарын эхээр Германы “Бильд” сэтгүүлд мэргэжлийн үнэмлэхний зургийг нь өгчээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )