Японд АНУ-ын цэргийн баазыг шилжүүлэх хиймэл газрыг бий болгож байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Японы Окинава арлын Хэноко хошуу орчмын эргийн бүсэд элс зөөж, хиймэл газар бий болгох ажил эхэлжээ. Тэрхүү газарт АНУ-ын Футэмма цэргийн баазыг нүүлгэнэ гэж Киодо агентлаг мэдээлэв. 

2019 оны хоёрдугаар сард Окинава арлын оршин суугчдын дунд цэргийн баазыг төлөвлөгдөж буй газар шилжүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байна. Санал асуулгын үр дүн цэргийн баазыг шилжүүлэх эсэхийг шийдэх бөгөөд шилжүүлэхийн эсрэг үр дүн гарсан тохиолдолд элс, хайргаар дүүргэсэн тэнгисийн ёроолыг өмнөх төрхөд нь оруулах боломжгүй юм. 

Футэмма цэргийн баазыг нүүлгэх тухай хэлэлцээрийг АНУ, Япон улс  анх 1996 онд байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу Гинован хотын орон сууцны хорооллын дэргэд байрлах Футэмма баазыг илүү аюулгүй бүс буюу Хэноко хошуу орчим нүүлгэх тохиролцоонд хүрчээ.

Энэ бүсэд хиймэл газар бий болгохын тулд 157 га эргийн бүсийг элс, хайргаар дүүргэх шаардлагатай юм. Энэ нь шүрэн аралд аюул учруулах тул нутгийн оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Японы нийт газар нутгийн 0.6 хувийг эзэлдэг Окинава арлын газар нутгийн 74 хувьд нь АНУ-ын цэргийн баазууд байрладаг байна.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top