Энэ долоо хоногт Канад улсад саатуулагдсан Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн чухал сэдэв хэвээр байлаа. Канадын Британийн Колумб мужийн дээд шүүх Мэн Ванжоуг батлан даалтад суллах шийдвэр гаргав. Батлан даалтын хэмжээг 10 сая канад доллар буюу 7.5 сая ам.доллар байхаар тогтоосон бөгөөд цахилгаан бугуйвч зүүж, паспортоо хураалгах нөхцөлтэйгөөр суллахаар болсон юм.
Мэн Ванжоуг баривчилсныг олон улсын шинжээчид АНУ, Хятад улсын хооронд үүсэн худалдааны дайны цаад шалтгааныг ил болголоо хэмээн үзэж байна. Энэ бол технологи, 5G сүлжээний төлөөх тулаан хэмээн тодорхойлов.
Мэн Ванжоуг баривчилсантай зэрэгцэн Хятадын эрх баригчид Канад улсын хоёр иргэнийг мөн саатуулснаа нотолжээ. Тэднийг Хятад улсын аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр саатуулаад байгаа юм. Энэхүү хэрэг явдал нь Канад, Хятадын харилцааг хурцатгаад байна.
Гадаад харилцаанд нь хатуухан сорилт тулгараад буй өмнөд хөрш дотооддоо агаарын бохирдолтой тэмцэх “дайныг” эрчимжүүлээд байна. БНХАУ-ын Коммунист нам “Үзэсгэлэнт Хятад орон” зорилт тавьж нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг сайжруулах, аажмаар хэрэглээг бууруулахаар зорьж байгаа аж. Шаардлагын дагуу нүүрсний уурхайнууд технологио сайжруулах, инноваци нэвтрүүлэх үүрэг хүлээж байна. Энэ зорилт нь утааг багасгах нэг том алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Үзэсгэлэнт Хятад орон” зорилт 2035 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол 60-аас дээш хувиар буурах юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, уламжлалт уурхайн ажилтнуудыг чадваржуулах юм байна. Хятад улс ойрын таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 13 сая ажлын байр шинээр бий болгох юм.
Энэ долоо хоногт Франц улс дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байлаа. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Шар хантаазтан”-уудын эсэргүүцэл, тэмцэл ширүүссэнтэй холбогдуулан тус улсад эдийн засгийн болон нийгмийн онц байдал зарлав.
Тэрбээр Францын засгийн газар, парламентад иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар чиглэл өгчээ. 2019 онд амьжиргааны доод төвшинг сард 100 еврогоор нэмэгдүүлнэ гэж Э.Макрон мэдэгдэв. Үүнээс гадна, байгууллагууд ажилтнууддаа жилийн урамшуулал олгох, хоёр мянган еврогоос бага хэмжээний тэтгэвэр авдаг иргэдийн заавал төлөх нийгмийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах зэрэг арга хэмжээг санал болгосон. Макроны мэдэгдэл жагсагчдын уур хилэнг дарж, нөхцөл байдал хэвийн болох үед тус улсын Страсбург хотын төвд нэгэн этгээд Зул сарын баярын зах дээр цугларсан олон руу гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, арав гаруй хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээд зугтааж чадсан ч, Пүрэв гарагт /2018.12.13/ халдлага үйлдсэн этгээд Францын цагдаа нарт буудуулж, нас баржээ. Сэжигтэн Страсбург хотын гудамжинд цагдаа нартай нүүр тулсан бөгөөд түүнийг зогсоох гэхэд цагдаа нар руу эхэлж гар нээсэн тул хүчнийхэн хариу арга хэмжээ авчээ.
“Time“ сэтгүүл энэ оны аравдугаар сард Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг “Оны хүн”-ээр нэрлэлээ.
Түүний хамтаар Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, Мьянмар улсад хоригдож буй Ройтерс агентлагийн сурвалжлагч Ва Лоун, Кяв Соу Оо болон энэ оны зургадугаар сард АНУ-ын Аннаполис хотноо ажлын байран дээрээ халдлагад өртсөн Capital Gazette сэтгүүлийн хамт олныг /Таван сэтгүүлч нь амиа алдсан/ мөн “Оны хүн”-ээр нэгэн зэрэг тодруулжээ.
"Тэд бүгд өөрийн амь насыг эрсдэлд оруулахаас айгаагүй жинхэнэ үнэнийг хамгаалагчид юм" хэмээн “Time“ сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельсентал онцлов.
1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж буй “Time” сэтгүүл түүхэндээ анх удаа нас барсан хүнийг “Оны хүн”-ээр нөхөн тодруулж буй тохиолдол энэ болж байгаа бөгөөд энэ долоо хоногийн дугаараа дөрвөн өөр нүүр хуудастай хэвлэжээ. Хашоггийн талаар Эдвард Фельсентал “Нас барсных нь дараа түүний нэр, нөлөө ийм их хэмжээгээр өссөн нь ховор тохиолдол” гээд түүний үхэл Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж болон Йемений дайныг өөр нүдээр эргэн харахад хүргэсэн гэдгийг онцлов.
Энэ долоо хоногт амьтанд хайртай хүмүүсийн сэтгэлд гуниг төрүүлсэн мэдээ цацагдав. Австралийн The Kangaroo Sanctuary Alice Springs дархан цаазтай газрын хамгийн алдартай имж үхжээ. Дэлхийн хамгийн булчинлаг, 2 метр өндөр Рожер нэртэй имж 12 насалсан бөгөөд имжийг хөгширч, нас гүйцсэний учир үхсэн гэж үзэж байгаа аж.
Английн Колчестер амьтны хүрээлэнгийн бас нэгэн хамгийн алдартай орангутан сармагчныг хүнд өвчин тусч, тэсвэрлэшгүй зовиуртай байсан учир 50 насанд нь унтуулав. Ражан нэртэй орангутан жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг өхөөрдөн, үнэсдэг нь олны хайрыг татдаг байсан билээ. Түүний жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг үнсч буй бичлэгийг сая сая хүн үзэж, түүний онцгой сониуч, сэтгэл булаам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг хайрлах чанар нь олны анхаарал, хайрыг татдаг байсан тухай амьтны хүрээлэнгийн ажилтнууд дурсжээ. Ражан амьтны хүрээлэнгийн ажилтан, үзэгчдийн хөдөлгөөнийг чадварлагаар дуурайж, илбэчний илбийг хүртэл дуурайхыг оролддог байсан гэнэ.
Энэ долоо хоногт ээждээ туслан, зах дээр загас зарж буй Тайванийн загвар өмсөгч нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийг бишрүүлж, долоон мянган Санта Клаус хорт хавдраар шаналж буй хүмүүст тусламж үзүүлэхийн тулд Испани улсын нийслэл Мадрид хотоор гүйж, Хятад улсын Сычуань мужийн Шичанг хөөргөх төвөөс сарны хар талыг судлах зорилготой “Чанг-э 4” хөлгийг хөөргөж, LG компани ирэх жил гэрийн нөхцөлд шар айраг эсгэх төхөөрөмж танилцуулахаа зарлаж, Лионель Месси ээжтэйгээ ойр ойрхон уулзаж байх үүднээс 15 сая ам.долларын онгоц худалдан авч, Женнифер Лопес машинд багтахгүй дэрвэгэр урт хормойтой ягаан өнгийн даашинзаар шүтэн бишрэгчдээ алмайруулсан үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )