Европын холбооны 1000 гаруй дипломатын шууданг хакерджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

Хятад улстай холбоотой байж болзошгүй хакерууд Европын холбооны дипломат харилцаа холбооны сүлжээг хакердаж, 1000 гаруй дипломатын мэдээлэлд нэвтэрчээ.

CNN агентлагийн мэдээлснээр, Area 1 кибер аюулгүй байдлын компанийн илрүүлсэн энэ хэрэг 2010 онд Wikileaks АНУ-ын Төрийн департаментын шуудан, холбооны мэдээллийг нийтэлж байсан хэргийг эргэн санагдуулж буй хэдий ч мэдээллийн хэмжээ бага, нууцын зэрэглэлтэй мэдээлэл цөөн байгаа гэнэ.

Нэгэн алдагдсан захидалд Москва дахь Европын холбооны дипломат төлөөлөгчийн газар Хельсинк хотноо энэ оны долдугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалтын талаар бичсэн байсан бол өөр нэг захидалд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Д.Трампын худалдааны бодлогыг “Дүрэмгүй боксын тэмцээнтэй” зүйрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Түүнчлэн, Украин дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл их байжээ.

Хакеруудын хэрэглэсэн арга, техник нь Хятадын элит цэргийн анги, нэгтгэлд ашигладаг арга, техниктэй ижил байсан гэнэ. Хакердуулсан дипломат харилцаа холбооны сүлжээний шугам нь энгийн байсан бөгөөд нууцын зэрэглэл бүхий мэдээллийг өөр, илүү аюулгүй системийг ашиглан дамжуулдаг гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top