ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн оны төгсгөлд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулздаг. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд Москвагийн олон улсын худалдааны төвд 14 дэх удаагийн хэвлэлийн хурлаа хийв.
Дөрөв орчим цаг үргэлжилсэн хэвлэлийн хуралд гадаад, дотоодын 1702 сэтгүүлч оролцож, В.Путин 60 орчим асуултад хариулжээ.
“Та гэрлэсэн үү”, “Та дэлхийг захирахыг хүсдэг үү” зэрэг өргөн хүрээ хамарсан, олон тооны асуултад хариу өгөв. Life News сурвалжлагчийн “Та хэзээ гэрлэх вэ, хэнтэй гэрлэх вэ?” гэсэн асуултад В.Путин: “Журамт хүний хувьд би хэзээ нэгэн цагт гэрлэх л ёстой болно” гэв.
Wall Street сэтгүүлийн сурвалжлагчийн “Баруунд Оросыг аюул, заналхийлэл гэж хардаг. Та, үнэхээр дэлхийг захирахыг хүсдэг үү?” гэсэн асуултад Оросын тэргүүн “Үүнийг хүсч буй штаб хаана байдгийг бид мэднэ, Москвад энэ штаб байхгүй. АНУ 700 гаруй тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт зарцуулдаг бол, ОХУ 46 тэрбум ам.долларыг зардаг. ОХУ-ын хүн ам 146 сая бол НАТО-гийн гишүүн орнуудад 600 сая хүн амьдарч байна. Тэгээд та нар бидний зорилго дэлхийг захирах гэж бодож байна уу” гэж хариулав.
Оросын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний талаар В.Путин “Энэ нь Оросын хүчирхжиж буйтай, өрсөлдөх чадвар нь нэмэгдэж буйтай холбоотой. Хүчирхэг, хүчтэй тоглогч бий болж байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Орос улс бүхий л амьдралдаа, түүхэндээ ямар нэгэн байдлаар хязгаарлалт, хориг арга хэмжээтэй нүүр тулан амьдарч ирсэн” хэмээн ярилаа. Түүний хэлснээр “хориг арга хэмжээ нь давуу талтай. Маш олон чиглэлээр тархиа ажиллуулахыг биднээс шаардсан. Импортыг орлоно гэдэг нь төр засгийн хүсэл бус, харин ард түмний эрх ашиг. Бид энэ эрх ашгийг тайван байдлаар, аливаа бүдүүлэг арга замыг хэрэглэлгүйгээр хамгаалж байна”.
Керчийн хоолой дахь хэрэг явдлын талаар тэрбээр “аливаа өдөөн хатгалга нөхцөл байдлыг хурцатгах зорилготой байдаг. Украины тал цэргүүдийнх нь нэгийг хөнөөнө гэж тооцоолсон. Хэн ч амь үрэгдээгүй болохоор Украины эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн байх” гэв.
Хог хаягдлын тухай асуултад В.Путин хариулахдаа 2024 он гэхэд 200 хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байна гэжээ.
Харин өөрийнх нь тогооч нарын талаар сонирхсон асуултад тэрбээр “Миний тогооч нар бүгд Холбооны хамгаалалтын албаны ажилтнууд байдаг бөгөөд тэд бүгд янз бүрийн цолтой цэргийн улс. Өөр тогооч надад байхгүй” хэмээн хариулжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )