АНУ-ын батлан хамгаалахын сайд Жим Мэттис чөлөөлөгдлөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

Өчигдөр орой /2018.12.20/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагоны тэргүүн Жим Мэттис албан тушаалаа орхиж буй талаар өөрийн твиттерээр жиргэжээ. “Галзуу нохой” хочит /түүнийг армид алба хааж байхад ингэж хочилдаг байжээ/ Жим Мэттис хэд хэдэн чухал асуудлаар Д.Трамптай санал зөрөлддөг байжээ. 

Мэттис өөрөө Д.Трампад хаягласан захидалдаа Ерөнхийлөгч Трампад үзэл бодол нэг батлан хамгаалахын сайдтай болох боломжийг олгох үүднээс чөлөөлөх өргөдлөө өгч байна гэжээ. Тэрбээр энэ талаар Дональд Трамп АНУ Сири улсаас цэргээ гаргах болсон тухай зарласан өдрийн маргааш нь ийнхүү мэдэгджээ. New York Times сонинд бичсэнээр Мэттис Трампыг ийм шийдвэр гаргахгүй байхыг ятгах хэд хэдэн удаа оролдлого хийж байжээ. 

Трампын мэдэгдсэнээр хоёр жил багт нь орж ажилласан Жим Мэттис ирэх оны хоёрдугаар сард чөлөөлөгдөх бөгөөд түүний оронд нэр дэвших хүнийг удахгүй зарлана гэв. 

Трамп жиргэсний дараахан Мэттисийн захидал нийтлэгджээ. Тэрбээр Трамптай холбоотнуудын болон ОХУ8 Хятад улсын талаар баримталж буй бодлогын тал дээр үзэл бодлын зөрөлдөөнтэй байсан талаар хоёргүй утгаар илэрхийлжээ. Генералын хэлснээр АНУ өөрийн холбоотнуудтай хүндэтгэлтэй хандах, эрх ашиг нь зөрчилдөж буй бусад улс орны чиглэлээр шийдэмгий ба шулуухан байр суурьнаас хандах ёстой гэжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top