БНХАУ-ын Бээжин хотын цагдаагийн газар цахим орчинд хүний эрх зөрчсөн 66 мянган тохиолдлыг илрүүлэн, хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Хотын цахим аюулгүй байдлыг хангах газрын мэдээлж буйгаар, зөрчил гаргасан, бусдын эрхэнд халдсан 3100 орчим хүнийг саатуулаад байгаа аж.
Тухайлбал, иргэдийн хувийн мэдээлэлд халдаж, түүнийг худалддаг хоёр этгээдийг өнгөрөгч аравдугаар сард Чанпин дүүрэгт саатуулсан бөгөөд тэд 100 мянга гаруй хадгаламж, хувьцааны мэдээлэлд хууль бусаар халдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байна. Тэд 2016 оноос хойш энэхүү мэдээллийг зээлийн байгууллага, хувийн хадгаламжийн хоршоонд зарж, нийт 200 мянган юанийн ашиг олсон гэж мэдүүлжээ.
Бээжин хотын цагдаагийн газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны эхээр хакеруудын дайралтаас сэргийлэх, иргэдийн мэдээллийг хамгаалах, түүнд халдахаас сэргийлэх тусгай аян өрнүүлж ажилласан юм. Энэ аяны хүрээнд цахим орчинд садар самууныг сурталчилдаг, хориотой эм бэлдмэл, хар тамхи худалдаалдаг, хүмүүсийн хувийн мэдээлэлд халдаж, түүнийгээ хууль бусаар ашигладаг хэд хэдэн бүлэглэлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Өнгөрсөн оны байдлаар, зөрчил гаргасан 980 интернэт компанид хариуцлага тооцож, 38 мянган аппликэшнийг хааж, хууль бус мэдээлэл агуулсан 3 сая гаруй нийтлэлийг устгасан тухай холбогдох албаныхан мэдээллээ.
Эх сурвалж: CCTV-ийн Крилл, монгол хэлний редакц
Сэтгэгдэл ( 0 )