CCTV: Дэлхийн хамгийн эртний суваг

2019 оны 01 сарын 05

Хүний гараар бүтсэн, усан тээврийн дэлхийн хамгийн эртний суваг болох 2000 гаруй жилийн түүхтэй, МЭӨ 214 онд ашиглалтад орсон Линьчюү суваг шинэ үеийн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийн ачаар дөнгөж саяхан нээгдсэн мэт мянга мянган хүнийг татах болжээ. Хятадын өмнөд хэсгийн Гуанси-Жуаны өөртөө засах орны нутагт, Гүйлин хотоос 70-аад км зайд орших энэхүү суваг эртний Хятад оронд стратегийн онц ач холбогдолтой, хан үндэстний эв нэгдлийг бэлгэдсэн нэн чухал газар байж. Харин өдгөө энэхүү түүхэн газарт жилд дунджаар 400 мянган хүн зөвхөн дотоодын жуулчлалаар ирэх болжээ.

Иймд эртний сувагт түшиглэсэн аялал жуучлалыг цаашид улам хөгжүүлэх, илүү олон хүнийг татахаар өнгөрсөн есдүгээр сараас зөвхөн уг сувгийн үүх түүх, холбогдох соёл уламжлалыг нь дэлгэн харуулах музей барьж эхэлжээ. Нийт 12 мянган ам.метр талбайтай шинэ музейг барьж байгуулахад Засгийн газраас 80 сая юанийн хөрөнгө оруулж байгаа аж. Музей ирэх хоёрдугаар сард буюу Хятадын Цагаан сараар олон нийтэд үүдээ нээх гэнэ.

 

h

Линьчюү сувгийг мөн усжуулалт, эрэг дагуух газар тариалан эрхлэлтийг дэмжих зэргээр ашиглаж байна. Нийтдээ 36.4 км урт уг суваг 43 ам.км талбайн усжуулалтын эх үүсвэр бөгөөд ойролцоогоор 59 мянган хүн үр ашгийг нь хүртдэг аж. Энэхүү эртний сувгийн экосистемийг хамгаалахын тулд ойр орчимд нь ямар нэгэн үйлдвэр байхыг 1950-аад оноос хоригложээ. Мөн 2016 онд бараг 200 сая юаниар сувгийг сэргээн засварласан нь одоогийн хөгжил цэцэглэлтэд нь, өнгөрөгч наймдугаар сард Олон улсын усжуулалт, усан сувгийн хорооны Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятадын албаныхан одоо уг сувгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг зорьж буй гэнэ.

t

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top