Налайхын замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.23/ хуралдаанаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилттэй танилцсан байна. 

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна.


Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.

 

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.

 

Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.

 

Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм. Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнчбиш(203.91.115.53) 2019 оны 01 сарын 23

Монголын компааниуд тавина биз дээ4эгнээ 2 уурсгалтай болгоно гээ биз дээзаавал нэг зорчихз хэсэгэй байлгах шаардлага байгаа юм уу даа

0  |  0
Top