Бахрейн онцгой содон үзмэр бүхий 100 мянган кв.м талбайтай усан доорх парк байгуулж, дэлхийн шумбагчдыг татах зорилт тавиад байна. Эл гүний паркын гол үзмэр нь Боинг 747 байх гэнэ. Усны гүнд байрлах 70 метр урт агаарын хөлөг ашиглалтаас гарсан бөгөөд шинэ “үүрэг”-т зориулж, тусгайлан бэлтгэсэн байна.
Усан дор парк байгуулах төслийг тус улсын Байгаль орчны дээд зөвлөл, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зун зочдоо хүлээн авах аж.
Бахрейны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Боинг онгоцноос гадна шумбагчид Бахрейны алдарт сувдны худалдаачны байшингийн хуулбар, хиймэл шүрэн хад, уран баримал зэргийг усан доорх паркаас үзэх боломжтой гэнэ.
Агаарын хөлгийг дайвингийн үзмэрийн зориулалтаар ийнхүү живүүлж буй нь анхны тохиолдол бус юм. 1993 онд Майами хотын эрэг орчим Боинг 727-г живүүлж байсан бол Иллинойст мөн ийм үзмэр бий.
Сүүлийн үед усны аялал жуулчлал ихээхэн дэлгэрч, Мальдив гэхэд усан дор зочид буудал, АНУ-ын Флорида муж музей байгуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )