Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.25/ Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгөв.
“Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан. Утаагүй зуух, түлш зэрэг аар, саархан зүйлд олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын мөнгийг үрэн таран хийсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гээд тодорхой тоо, баримтуудыг дурдан өгч байгаа юм.
Жишээ нь, 2008 оноос улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна. ТЭЦ-2 дээр гэхэд 18 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулсан мөртлөө 1 кг ч түлш гаргасангүй. Ерөнхийлөгч энэ асуудлыг хоёр жилийн өмнө ч ярьж байсан”
гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандсан албан бичгийг гардуулж өгөв.
“Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлж буй албан бичгийг хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, үүргээ хүлээн аваад надтай анх удаа уулзахдаа утааны асуудлыг ярьж байсан. Үүний дагуу тодорхой шалгалт явуулж, 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. Шалгалтын ажил удаашралтай явагдаж байгаа. 2008-2017 оны хооронд бидний авсан мэдээллээр улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 100 гаруй сая ам.доллар авч зарцуулсан байдаг юм байна. Үнэхээр та, бидний мэдэж байгаачлан Улаанбаатар хотын агаарын бохирдол сайжрахгүй байгаа. Хуулийн байгууллага анхаарал хандуулан ажиллах болно.
Агаарын бохирдлыг бууруулах ажил 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж, нилээдгүй мөнгө зарцуулсан тул энэ бүхнийг нэг бүрчлэн шалгахад хугацаа орж байна” гэсэн юм.
Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан төрийн оновчтой, зөв бодлого, шийдвэрүүд ашиг хонжоо хайгчдын олз болсон үр ашиг муутай утаагүй зуух, түлш мэтийн аар саархан шийдвэрүүдэд дарагдан, гацсаар өнөөдрийг хүрлээ. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөрийг онцлон нэрлэж болно.
Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл, шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч бүрэн хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрээд байна.
Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сард 03/03 дугаар зөвлөмжийг, Монгол Улсын Их Хурлын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос 2016, 2017 он тус бүрт 01 дүгээр тогтоолыг, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 01 дүгээр сард “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг, Монгол Улсын Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг тус тус гаргасан. Гэвч үр дүн хангалтгүй, нөхцөл байдал аюултай хэвээрээ байна.
Тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам улам дордож, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдол энэ хэвээр цааш үргэлжлэх тохиолдолд 2024 он хүртэлх хугацаанд цаг бусаар нас барагчдын тоо 5,200-14,000-д хүрнэ гэдгийг эрдэмтэн судлаачид сануулж, утааны хор хөнөөлийн талаарх судалгаа, дүгнэлтүүдээ нийтэд дэлгэн, анхааруулсаар байна.
Манай улс 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан бол 2017, 2018, 2019 онд мөн чамгүй хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөжээ.
Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниудын хүрээнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах”, 269 дүгээр зүйлд заасан “Хээл хахууль өгөх”, 270 дугаар зүйлд заасан “Хээл хахуульд зуучлах”, 272 дугаар зүйлд заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах”, 273 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг, түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах”, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх”, 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдэгдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011-2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.
Тухайлбал:
-Сайжруулсан зуухыг Турк, Хятад Улсад үйлдвэрлэсэн болон өөрсдийн зохион бүтээсэн зуухыг лабораторийн шинжилгээгээр оруулан туршилт хийж, нийлүүлэгдэх зуухыг сонгон, дүүрэг, хороодоос гаргаж ирүүлсэн судалгааг үндэслэн тодорхой үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлэн айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн гэх боловч баримтаар нотлогдохгүй;
-Сайжруулсан зуухны нийт нийлүүлэгдсэн тоо хэмжээ нь 27,680 ширхгээр зөрсөн буюу холбогдох тайлан мэдээлэлд өөр өөрөөр зөрүүтэй тусгагдсан;
-Сайжруулсан зуухны утааны бохирдлын хэмжээг харгалзан гэрээнд оролцогч талууд зуухны борлуулах үнийг тогтоосон гэх боловч аудитын явцад тодорхой баримтаар нотлогдоогүй;
-“Зуух хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд тараасан зууханд лабораторийн туршилт хийгдсэн талаарх мэдээлэл байхгүй;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргасан мэдээгээр нийслэлийн төсвөөс 2010-2011 онд 640 ширхэг сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлсэн гэх боловч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэдээлэлд энэ нь дурдагдаагүй, тодруулга, тайлбар өгч чадаагүй;
-Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь аудитаар тогтоогдсон дүнгээс 65.2 мянган зуухаар зөрүүтэй, зуухны тараалт, ашиглалтад хяналт тавиагүй гэх мэт.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан нь үйлдвэрлэлийн хүчин чадал, өмнө нь үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, ажлын туршлага зэргийг харгалзахгүйгээр нэр бүхий 14 компанитай түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан;
-Тухайн нэр бүхий 14 компани гэрээний үүргээ биелүүлээгүй;
-Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын гэрээг дүгнэж, хариуцлага тооцоогүй;
-“ДЦС-2” ТӨҮГ-ыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2010 онд сонгон шалгаруулалт зарлаж, “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” ХХК-ийн түншлэлийг сонгон, 2010.07.14-2012.09.30-ны өдөр хүртэл хугацаанд 16.8 тэрбум төгрөгөөр “Түлхүүр гардуулах нөхцөл”-өөр гэрээ байгуулж, 14.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон, үйлдвэрийн технологиос шалтгаалан уг төслийн ажил зогсож, хэрэгжих бололцоогүй болсон;
-“Тара” ХХК 680 тонн үртсэн шахмал түлш 102.0 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, 141.5 тонн түлш дутуу нийлүүлсэн байхад гэрээний үнийн дүнгээс 1.342.8 сая төгрөгөөр илүү буюу 1.444.8 сая төгрөг шилжүүлсэн г.м.
3.Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн монгол гэрийн дулаалгыг сайжруулснаар түлш бага зарцуулж, улмаар агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж 16 нийлүүлэгч компанитай нийт 3,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрийн дулаалгын иж бүрдэл ханган нийлүүлэх гэрээг байгуулсан. Түүнчлэн Мянганы сорилтын сан, “Цэвэр агаар төсөл”, “Цэвэр агаар сан”-ийн санхүүжилтээр нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийт 19.850 гэрийн дулаалга борлуулсан гэх боловч энэ тоо хэмжээ нь аудитын явцад ирүүлсэн мэдээлэлтэй тулгахад 11,518 ширхэгээр дутаж, зөрсөн.
Энэ мэтээр Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011-2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.
Үүнийг тодруулбал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн “Сайжруулсан зуухны нийлүүлэлт, ашиглалтын, сайжруулсан түлшний нийлүүлэлтийн, гэрийн дулаалгын, цахилгааны үнийн хөнгөлөлтийн, нам даралтын зуух болон эрчим хүчний цахилгаан станцуудад авсан арга хэмжээний, авто тээврийн хэрэгслийн утааны ялгаруулалтыг бууруулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний, гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн” хүрээн дэх төсөл, арга хэмжээнүүд нь “тооцоо судалгааг иж бүрэн хийгээгүй, зураг төсөв батлагдаагүй, мэргэжлийн байгууллагаас техникийн болон тусгай зөвшөөрөл аваагүй, хамрах хүрээ, зорилтыг оновчтой тогтоогоогүй, хугацаандаа хэрэгжүүлэх боломжгүй, төсөв санхүүгийн эрсдэл дагуулсан, арга хэмжээний давхардал үүсгэсэн, эрх зүйн хэм хэмжээний холбогдох заалтыг баримтлаагүй буюу төлөвлөлтийн шаардлага хангаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хангаагүй байхад зарим төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулсан” зэрэг хууль зүйн зөрчилтэй, илэрхий олон асуудал дагуулсан байгаа нь Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар тогтоогдож байгаа юм.
Шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн зорилгыг “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах” гэж, Прокурорын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн” гэж тус тус тодорхойлсон.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг мөрдөгч, прокурор хүлээн авч шалгах үүрэг”-тэй байхаар хуульчилсан байдаг.
Иймд Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэхүү асуудалд онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдээд байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг нэн даруй авна уу” гэжээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Сэтгэгдэл ( 10 )
Хараал идсэн автоскролоо больчихооч, ядаргаатай юм бэ сда
Mongol shuugch,mordogchdiinhoo oron toog tsooruulvel yaasan yum. Eronhiilogch ni hergiig hereg mon geed notlood huuli hyanaltiin baiguullalgiin yalanguya mordoh ajliig Battulag,Zika virus 2 hiij hongovchilood bainaa daa yanz ni. Hoorhii eronhiilogchid maani erh mordoh ajliig sain duraaraa hiileech hen negniig gemten gej notolson ch yallah erh baihgui bolood l eronhii prokurort ogch baigaa hereg uu?! kkk. Ene goe nereer haalt hiij Enh-Amaglan prokurort erh medliin sur hucheer daramtalj huuli bus heregee saaraltuulahaa martaagui ni lavtai
Mongol shuugch,mordogchdiinhoo oron toog tsooruulvel yaasan yum. Eronhiilogch ni hergiig hereg mon geed notlood huuli hyanaltiin baiguullalgiin yalanguya mordoh ajliig Battulag,Zika virus 2 hiij hongovchilood bainaa daa yanz ni. Hoorhii eronhiilogchid maani erh mordoh ajliig sain duraaraa hiileech hen negniig gemten gej notolson ch yallah erh baihgui bolood l eronhii prokurort ogch baigaa hereg uu?! kkk. Ene goe nereer haalt hiij Enh-Amaglan prokurort erh medliin sur hucheer daramtalj huuli bus heregee saaraltuulahaa martaagui ni lavtai
Eronhiilogchoos prokurort ogson bichigt durdagdsan asuudal buheldee AN-iin zasaglaj baih ueiin hereg yavdal bogood todruulval tuhain ued AN-iin darga odoo bol eronhiilogchiin uls toriin zovloh Noroviin Altanhuyagiin terguulj baisan zasgiin gazraas heregjuuleheer hiisen ajluud l baina daa. Jahan tsaash ni uhaj todruulbal. eronhii said agsan Altanhuyagiin anhnii avaali avgaigaas garsan Altanhuyagiin Ariunzaya gedeg ohintoi mash oirhon holbogdohoor l ajluud orson baina.
Eronhiilogchoos prokurort ogson bichigt durdagdsan asuudal buheldee AN-iin zasaglaj baih ueiin hereg yavdal bogood todruulval tuhain ued AN-iin darga odoo bol eronhiilogchiin uls toriin zovloh Noroviin Altanhuyagiin terguulj baisan zasgiin gazraas heregjuuleheer hiisen ajluud l baina daa. Jahan tsaash ni uhaj todruulbal. eronhii said agsan Altanhuyagiin anhnii avaali avgaigaas garsan Altanhuyagiin Ariunzaya gedeg ohintoi mash oirhon holbogdohoor l ajluud orson baina.
Yagaad procurort uguud bgaa yum be. Umch ediin zasgiin heltes, ATGd uguuch
Зууханд 30 тэрбум зарцуулсан.Үр дүнгээ огт өгөөгүй гэдгийг хараач
Луйварчид олдох уу
Nogoon passport geed hiigeed bgaa tserenbat saidiig shalaa ch tsengeg usnii tuvuur damjuulan ymar ikh mungu ugaaj bna...
01 ах минь яагаад л байна. Бүгд л хулгайч би тэдний зүгээр л нэг нь гэх гэсэн юм болов уу?