Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Швейцарын Давос хотноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форум Энэ долоо хоногт дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилсэн форумд төр засаг, олон улсын байгууллага, нийгмийн зүтгэлтэн, томоохон компани, банкны нийт 3000 орчим төлөөлөгч оролцов. Форумын үеэр 350 хуралдаан болж, технологи, тоон эдийн засаг, криптовалютын эрин үе дэх олон улсын хамтын ажиллагааны асуудал, зах зээлийн хөгжил, цахим аюулгүй байдал, дэлхийн санхүүгийн эрсдэл, эрчим хүчний салбарын тулгамдаж буй бэрхшээл, нийгмийн тэгш бус байдал зэрэг асуудлыг хэлэлцжээ. Давосын форумд 60 улс орны удирдагчид, олон улсын томоохон байгууллагуудын тэргүүн нар урилгаар оролцсон. Энэ жилийн форумд Их 7 бүлгийн долоон орны гурвынх нь буюу АНУ, Франц, Их Британи улсын тэргүүн нар оролцоогүй нь онцлого байлаа.


Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал даяарчлалд хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцсэн энэ удаагийн форум популизмын сүүдэр, технологийн дэвшил, сэтгэцийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, баялгийн тэгш хуваарилалт зэрэг асуудалд гол анхаарлаа хандууллаа.

 

Форумын үеэр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Хятад улсын эдийн засаг өссөн хэвээр байна гэж мэдэгдээд, Вашингтон, Бээжингийн хооронд үүсээд буй худалдааны сөргөлдөөн хоёр талын эрх ашгийг хохироож байна гэв. Тэрбээр 2019 он маш олон тодорхойгүй байдал үүснэ гээд “тодорхой зүйл бол Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр үргэлжилнэ” гэж онцоллоо.

 

Тэрбумтан Жорж Сорос хэлсэн үгэндээ Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг нээлттэй нийгмийн хамгийн заналт дайсан хэмээн нэрлэв. Тэрбээр АНУ бараг бүхэл бүтэн дэлхийтэй худалдааны дайн өдөөхийн оронд Хятад улсад анхаарлаа хандуулах ёстой гэв. Тэрбээр, АНУ-ыг Хятадын “Huawei”, “ZTE” компаниудын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж, Хятадын зүг хатуухан үгнүүд шидэв. Мөн энэ форумын анхаарлыг татсан асуудлын нэг нь Брекситийн асуудал байлаа.

 

-Энэ оны нэгдүгээр сарын 21-нээс эхлэн Венесуэл улсад ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан тус улсад улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэлээ.


Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо өөрийгөө Венесуэл улсын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр зарласан бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болж буй хэрэг явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж буй тухай мэдэгдэв. Николас Мадуро өөрөө 2025 он хүртэлх хуулийн хугацаанаас өмнө албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгдэв.

 

Венесуэлийн түр ерөнхийлөгч гэж өөрийгөө өргөмжлөөд буй Гуаидог АНУ, Албани, Гурж зэрэг улс орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Европын зарим улсууд Венесуэлийн парламентыг дэмжин, нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс сонгууль явуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Мадурог ОХУ, Болив, Иран, Куб, Никарагуа, Турк дэмжиж буйгаа илэрхийлсэн. БНХАУ, Беларусь асуудлыг энхийг замаар шийдвэрлэхийг уриалж, хөндлөнгөөс оролцож буй явдлыг буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хямралыг яриа хэлэлцээний замаар шийдэхийг уриалжээ.


Энэхүү үйл явдал АНУ Венесуэлийн эсрэг авч бу хориг арга хэмжээг өргөжүүлэх магадлалыг өсгөж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ  нь тус улсад ноцтой хохирол учруулах юм. Сүүлийн жилүүдэд Венесуэлийн газрын тосны олборлолт доод хэмжээндээ хүрч, эдийн засгийн амин чухал орлогоосоо салаад байгаа билээ. Тус улсад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал газрын тосны зах зээлийг өргөн хүрээнд хамарч, ОПЕК, АНУ хоёрын харилцааг хурцатгаж болзошгүй байна. RBC банкны шинжээчид 2019 онд Венесуэлд газрын тосны олборлолт өдөрт 300-500 мянган баррель болж буурна гэж тооцоолж байна.


- АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны “шатдаун” өнгөрсөн оны 22-ны өдөр эхэлж, 35 дахь өдрөө үргэлжилж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп руу захидал илгээж, Засгийн газрын “шатдаун” буюу түр зогсолтыг дуусгавар болгохоос нааш танхимд цаг үеийн асуудлаар үг хэлэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч улс орны нөхцөл байдал, гол төлөв төсөв, эдийн засгийн байдал болон ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих хуулийн төслийн жагсаалт зэрэг асуудлаар жил бүрийн эхэнд Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаан дээр үг хэлдэг уламжлал бий. Хуваарь ёсоор Дональд Трамп энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Конгресст хандан үг хэлэх байсан юм.


Дональд Трампын санал болгосон засгийн газрыг гурван долоо хоногийн хугацаанд санхүүжүүлэх хуулийн төсөл пүрэв гарагт /2019.01.24/ Сенатын дэмжлэгийг авч чадсангүй. Эл төсөлд АНУ, Мексикийн хил дээр хилийн саад барихад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгах заалт орсон байв.  АНУ-ын Ерөнхийлөгч хилийн хана босгоход шаардлагай санхүүжилтийг тусгасан тохиолдолд засгийн газрын түр зогсолт буюу “шатдаун”-д цэг тавих төсвийн хуулийг авч хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордон мэдэгдэв.


 “Шатдаун”-аас болж 800 мянган холбооны ажилтнууд цалингүй хохироод байгаа билээ. Тэд лхагва гарагт /2019.01.23/ цалингүй өнжсөн нэг өдрийн нэг минутаар бодон 33 минут чимээгүй жагсаал хийсэн юм.

 

 

-АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг улсын зуу гаруй ахмад дипломат, шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан захидал бичиж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улсад саатуулагдсан Канадын хоёр иргэнийг суллах хүсэлт тавив.

 

Тэд Канад улсын иргэд Майкл Ковриг, Майкл Спэйворг нарыг саатуулсанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд тэднийг даруй суллаж, гэр бүлдээ эргэн очих боломж олгохыг хүссэн юм.


 Тус захидалд гарын үсэг зурсан Канад улсаас БНХАУ-д сууж асан Ги Сен-Жак энэхүү захидал нь Хятадын үйлдлийг олон улсын төвшинд хэрхэн хүлээн авч буйд анхаарлыг нь хандуулах зорилготой мессеж юм гэжээ.


Хятадын тал энэ алхмыг улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг хэмээн үзэж байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яам хариу мэдэгдэв.


Хятадын эрх баригчид эдгээр иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган, шалгаж байна гэж мэдэгдсэн бол ажиглагчид Huawei компанийн захирал Мэн Ванжоуг саатуулсны хариу арга хэмжээ гэж үзэж байгаа билээ. Huawei компанийн үндэслэгчийн охин Мэн Ванжоуг АНУ-ын Ираны эсрэг тавьсан худалдааны хориг арга хэмжээг зөрсөн хэмээн сэжиглэж, АНУ-д шилжүүлэх асуудлыг тавиад байгаа бол Хятадын тал үүнийг эсэргүүцэж байгаа билээ.


-Хойд Солонгост баллистик пуужингийн нууц баазыг мөрдөгчид илрүүлсэн тухай Вашингтонд төвтэй Стратеги, олон улсын судалгааны төвөөс гаргасан илтгэлд дурджээ. 


Энэхүү бааз нь Хойд Солонгосын засгийн газраас дэлхий нийтэд мэдүүлээгүй пуужин хадгалах 20 газрын нэг нь юм гэж тус илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ газрын тухай өмнө нь мэдэгдээгүй тул АНУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан цөмийг зэвсгээс ангижрах тухай гэрээ тэрхүү баазад үйлчлэхгүй гэнэ. Эл нууц бааз Nodong стратегийн хүчний пуужингийн бригадын штабын үүрэг гүйцэтгэдэг гэж мэдээлэв.


 Цэрэггүй бүсээс хойш 212 км зайд орших Сино-ри цогцолбор нь Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын Гуамын арал хүрэх хүчин чадалтай баллистик пуужин үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг 18 кв.км талбай бүхий бааз юм.


Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас захидал авсандаа “туйлын сэтгэл хангалуун” буйгаа илэрхийлэв.

 

Пёньяны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун энэхүү уулзалтын техникийн бэлтгэл ажлыг сайтар хангаж байгаа гэжээ. Трампын захидлыг Ким Жон Унд түүний баруун гар гэгддэг Солонгосын хөдөлмөрийн намын дэд дарга, генерал Ким Ён Чол гардуулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзсан юм.


 БНАСАУ, АНУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийж, асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж, Хойд Солонгосыг албан ёсны нэрээр нь бичсэн Ерөнхийлөгч Трампыг Ким Жон Ун өндрөөр үнэлсэн гэж KCNA онцлон тэмдэглэв.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top