АНУ-ын хамгийн залуу хууль тогтоогч

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

АНУ-ын дундын сонгуулийн үр дүнгээр Баруун Виржиниа мужийн төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн 19 настай Кэйлеб Ханна сонгогдсон нь тус улсын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн залуудаа төлөөлөгчдийн танхимд сонгогдсон тохиолдол болсон юм. Түүнийг Баруун Виржиниагийн ирээдүйн шилдэг улстөрч, магадгүй хамгийн залуу амбан захирагч гэж оршин суугчид нь дүгнэж буй аж.


“Би улстөрчдөөс их зүйл сурч байгаа. Барак Обама над шиг хар арьстнуудад ихийг зааж өгсөн. Гэхдээ би Бүгд найрамдах намын дэмжигч учраас Митт Ромниг дэмжиж байсан л даа. Надад итгэж олон хүн саналаа өгсөн учраас өөрийн чадах бүхнээ дайчлан ажиллана” гэж Кэйлеб Ханна ярьжээ.

 

Дундын сонгуулийн үр дүнгээр Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон төлөөлөгчид бүгд энэ сард тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсон юм. Кэйлеб Ханна багаасаа өнчирч Баруун Виржиниагийн асрамжийн газар өсч хүмүүжин улмаар цагаан арьстай гэр бүр үрчилж аван өдий зэрэгт хүрчээ. Тэрээр одоо Ричвүүдийн ахлах сургуульд суралцаж байхдаа сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч болж байсан аж. Сонгуульд ялалт байгуулсан Кэйлеб Ханна өдгөө Баруун Виржиниа мужийн их сургуульд суралцаж буй.

 

“Би түүнд ер нь юу заах ёстой вэ гэж хааяа боддог. Түүнд асар их боломж, бололцоо бий” гэж Баруун Виржиниагийн их сургуулийн Засаглалын тэнхмийн багш Эндрью Гилсон ярьжээ.

 

Кэйлеб Ханна Баруун Виржиниа мужийн 44 дүгээр тойргоос нэр дэвшин Ардчилсан намын туршлагатай улстөрч Дана Линчийг саналын илт зөрүүгээр илүүрхэн Баруун Виржиниагийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top