УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тов тогтоох болон УИХ-ын Дэгийн хуулиар Ажлын хэсэг байгуулах, Байнгын хороодын Ажлын хэсгүүдийн явцын талаар мэдээлэл авч, санал солилцохоор төлөвлөөд байгаа юм.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Чуулган завсарлаад гишүүд амарч, зугаалаад явчихдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Гишүүд чуулганы завсарлагаанаар мандат авч сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч, үүнд үндэслэн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох ёстой. Завсарлагааны хугацаанд байнгын хороо, ажлын хэсгүүд Ээлжит бус чуулган болон Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй" гэлээ.
Тэрбээр мөн "Судалгаанаас харахад УИХ-ын нэр хүнд бусад засаглалын нэр хүндтэй харьцуулахад муу, хангалтгүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Өнөөдрийн хуралдаанд рефеоентүүд оролцож байна. Цаашдаа УИХ-ын Судалгааны төвийн захирлыг оролцуулж, олон улсын парламентын мэтгэлцээний зарчмын талаар судалгаа хийхэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Байнгын хороонд гол ажил хэрэгч хэлэлцүүлгээ нарийн явуулдаг, УИХ-ын чуулганы мэтгэлцээнийг илүү парламентын хэлэлцүүлэгт ойртуулахаар ажиллах хэрэгтэй. Парламент бол популизмын талбар, хэрүүлийн танхим биш. Харин ард түмнээс мандат авч сонгогдсон гишүүд парламентын мэтгэлцээнийг шинжлэх ухааны нотолгоо үндэслэлтэй хийдэг сонгодог хэлбэр лүү оруулах шаардлагатай. Тийм учраас өнөөдөр бүлгийн дарга нартай зөвлөлдөж, УИХ-ын Дэгийн тухай хуулиар ажлын хэсэг байгуулж, Байнгын хороодод байгуулагдсан Оюутолгой, Эрдэнэт, Агаарын бохирдол зэрэг чухал асуудлаарх ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсмоор байна" гэсэн юм.
УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс хамгийн тулгамдсан нь Төрийн өмчөөр бараа худалдан авах тухай болон Татварын багц хуулийн төсөл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мөн дурдаад, үүнийг Хаврын чуулганаар оруулахын тулд завсарлагааны хугацаанд хэлэлцүүлгүүд хийх шаардлагатайг хэллээ. Мөн ЖДҮ-ийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх, Нийтийн сонсголыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа гэв. Ээлжит бус чуулганы хуралдаанаар дээрх асуудлууд болон ЗХЖШ-ын даргыг томилох шаардлагатай байгааг тэрбээр онцлов.
-АН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ-
Хуралдаанд УИХ дахь намын бүлгүүдийн удирдлагууд оролцож байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Бүлэг бол Хаврын чуулган эхэлтэл татан буугдсан. Манай бүлэг Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй гэж үзэж байна. Зайлшгүй шаардлага байгаа бол Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцэх ёстой. Түүнээс аль хэдийнэ Намрын чуулганаар хэлэлцэхээр орсон ч хойшлогдсон асуудлуудыг хэлэлцэнэ гэвэл боломжгүй. Эдгээр асуудлыг Хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой. Харин Ээлжит бус чуулган хуралдуулах бас нэг шалтгаан нь ганц нэг томилгоо байгаа байх. Намрын чуулган завсарлахаас 10 минутын өмнө орж ирсэн ЗХЖШ-ын даргын томилгоо гэх мэт. Гэхдээ жижиг сажиг томилгоогоор Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэрэггүй гэж үзэж байна" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зөвлөлийн хуралдааныг ажил хэрэгч явуулах зорилгоор хаалттай явуулах санал гаргав.
УИХ-ын даргын зөвлөл үргэлжлүүлэн хаалттай хуралдсан боловч Ээлжит бус чуулганы тов тогтоох асуудлаар шийдэлд хүрсэнгүй.
Б.Заяа
Сэтгэгдэл ( 1 )
Uneheer ih hurliin tanhimiig populistuudiin talbar bolgohgui gej bodoj baigaa bol ehleed populist mikropoor gun ovchilson Oyun-Erdene,Nyambaatar naraas uter turgen salj, ulmaar topiin top popuist nohor Uhaniin Hurelsuhiin garaas mongol ulsiin guitsetgeh zaslaliig uter turgen salgah heregtei! Ingej es chadvaas ter nyan mutatsad orj ongo torhoo huvirgasan ayultai helbert ch shiljih magadlal ondor. Mon uzel bodliin unet zuilee ed hongoor hudagdagch 40 gishuud ch ayultai.