“Монгол баатарлаг туульсаа дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 05
 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Цагаан сарын баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхийн өмнө уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа зарлигт холбогдох байгууллагын төлөөллүүдэд зарлигийг гардуулж өгөв.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигт:

 

“Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:


  • “Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залсугай.

 

  • Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосугай.

 

  • Баатарлаг туульсаа дээдлэн хамгаалах, бүртгэн судлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах; туульч, өвлөн уламжлагч, өв тээгчид болон судлаачдыг урамшуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

 

  • Монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан дээрх зарлигийг


  1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  2. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга,
  3. Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат,
  4. Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн дарга С.Дулам,
  5. Тууль судлаачдыг төлөөлж, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахлах ажилтан Б.Катуу нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж өгөв.

 

Зарлиг гардуулах ёслолын дараа Монгол Улсын төрийн соёрхолт, туульч Баатарын Авирмэдийн хүү, Занын Жилкэрийн ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж, Баян-Алтайн дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнэцогтын Баатаржав нар “Алтайн магтаал”-ыг товчлон хайллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхтөр Лхамхүү(202.126.89.141) 2019 оны 02 сарын 05

Манай урианхай иимэл сайхан бахархалтай уламжилалтай түмэн дээ

0  |  0
Top