XVII жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов. Энэ үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлж, ерөөл магтаал айлдлаа.
Цагаан сарын шинийн нэгний өглөө төр, засгийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мал аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, боловсрол, төрийн захиргааны салбарт олон жил ажилласан 80-98 настай буурлууд, Т.Сэмжидхорол, Ц.Адъяа, З.Дашзэвэг, Н.Төмөртогоо, Л.Дулам, П.Донжоо, Д.Галсан, С.Чанцал, Д.Цэгмэд нарын амрыг эрэн золгож, гарын бэлэг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ард иргэддээ хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,
Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ,
Та бүхэндээ XVII жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цагаан сарын билэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ.
Улиран одож буй шороон нохой жил Монголчууд бидний хувьд ажил өрнөж амьдрал ундарсан жил байлаа.
Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо.
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлэгшээдгээр малчид тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 67 саяд хүрч өслөө. Улсын хэмжээнд хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадлаа.
Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна. Улсын төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа. Сүүлийн жилүүдэд нэмж чадаагүй байсан цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ.
Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр болон таван толгойн төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг улсын хэмжээний томоохон дэд бүтэц, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.
Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Энэ бүхэн Монголчууд бидний хамтын амжилт, хамтын бүтээл байлаа.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй нохой жил манай нийгэмд шударга ёсны салхи сэвэлзсэн жил байлаа.
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, ард түмэн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх нь улс орны маань хөгжил дэвшлийн үндэс, эрх чөлөөт, шударга ардчилсан нийгмийн бат суурь нь болох учиртай.
Ийм учраас ирж буй гахай жилд Монгол төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.
Шинэ он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он болох болно.
Эх орон нэгт ахан дүүс ээ,
Монгол түмний магнайг тэнийлгэх сайхан жил гарч байна. Ирж буй 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай.
Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 7 )
100 настангуудыг тоодоггүй л юм байна.
saykhan jil garch bayna , turiin gurwan undurluguu 100% demjiji bayna
saykhan jil garch bayna , turiin gurwan undurluguu 100% demjiji bayna
Neg jiliin tursh l hunii hiisen ajliin ehleleer shoudlaa daa. Heden jil shoudahiig harah l uldej baina. Ter ariutgah ctants,nefit bolovsruulah uildveriin asuudliin ediin zasgiin asuudliin goliig ni muu nert Enhbold.Jargal tulgiin Erdenebat 2 l shiidsen yum daa. Ene deer ni Uhna l baahan tsovhchij sur danzantaad baigaa bolohoos bish. Nefitiin uildverch medehgui ee lo lo ch boloh magadlaltai kkk
Neg jiliin tursh l hunii hiisen ajliin ehleleer shoudlaa daa. Heden jil shoudahiig harah l uldej baina. Ter ariutgah ctants,nefit bolovsruulah uildveriin asuudliin ediin zasgiin asuudliin goliig ni muu nert Enhbold.Jargal tulgiin Erdenebat 2 l shiidsen yum daa. Ene deer ni Uhna l baahan tsovhchij sur danzantaad baigaa bolohoos bish. Nefitiin uildverch medehgui ee lo lo ch boloh magadlaltai kkk
Hurelsuh Burhan haldun uuland bidniigee daatgasan yum chini odoo alzahgui baih oo kkk.Bas Battulga hoh tengertee daatgachihsan yul bolno doo bolno
Hurelsuh Burhan haldun uuland bidniigee daatgasan yum chini odoo alzahgui baih oo kkk.Bas Battulga hoh tengertee daatgachihsan yul bolno doo bolno