Ерөнхийлөгч Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.

 

Хүндэт төлөөлөгчдийг Төрийн ордны Өргөө гэрт угтан авч, төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэн мэндчиллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын амар мэндийг эрэн, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Монголын Цагаан сар бол хаврыг угтах баяр, урин цагийн бэлэгдэл байдаг. Урин цаг ирж байна. Гадаад харилцаа маань ч гэсэн Та бүхний идэвх оролцоогоор илүү найртай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана байх аа гэж найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын хамгийн ахмад нь болох Дипломат корпусын тэргүүн, ноён Элчин Калыбек Кобландин талархал илэрхийллээ.

Ноён Калыбек Кобландин дипломат корпусын нэрийн өмнөөс Цагаан сар, гахай жилийн мэндийг хүргээд, Монголын ард  түмэнд хөгжил, цэцэглэлтийг хүсэж байна хэмээн ерөөв. Мөн энэ жил Монгол Улсын төр засаг эдийн засгийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн аж байдал дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүрийн Цагаан сарын үеэр зохион байгуулахаар тогтож буйд дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top