Соёлын биет бус өвийг хамгаалах ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР батлав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Засгийн газрын өнөөдрийн /2019.02.13/ хуралдаанаас “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.


Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг бүртгэж батлаад байна. Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн.  Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна. 


Соёлын биет бус өв нь:

-Эх хэл, аман уламжлал

-Язгуур урлаг, тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/

-Уламжлалт гар урлал

-Зан үйл, ёс заншил, баяр наадам

-Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.

 

Мөн хуралдаанаар “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлав. Чулуун соёлын өвийг хамгаалах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэн, ач холбогдлыг хадгалж үлдэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top