Бээжингийн Хориотой хот анх удаа шөнийн цагаар үүдээ нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Хориотой хотод дэнлүүний гэрэлд шөнийн цагаар аялах ховор боломж нээгдэж байна.

Сүүлийн 94 жилд анх удаа Хориотой хот хэмээн алдаршсан Хятадын ордон музей харанхуй болсон хойно олон нийтэд хаалгаа нээнэ. Гэхдээ энэхүү боломжийг хоёрдугаар сарын 19-20-ний өдрүүдэд буюу Хятадын Цагаан сарын сүүлийн өдөр болдог Бээжингийн Дэнлүүний баярын хүрээнд олгох гэнэ.

Ердийн өдрүүдэд Хориотой хот өвлийн улиралд 16.30 цагт, зуны улиралд 17.00 цагт хаалгаа барьдаг. Өнөөдрийг хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп /2017/ зэрэг зөвхөн төрийн хүндэт зочид Хориотой хотод шөнийн цагаар зочилж байжээ.

1420 онд баригдаж дууссан Хориотой хотод Хятадын эзэн хаад амьдарч, 500 жилийн туршид Хятадын улс төрийн төв нь байв. Дээр үед Хориотой хотод эзэн хааны гэр бүлд зориулан Дэнлүүний баярыг зохион байгуулдаг байжээ. Ихэвчлэн модоор баригдсан эртний байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү уламжлал үгүй болжээ.

Энэ жилийн дэнлүүний баяраар уламжлалт цаасан дэнлүү, улаан өнгийн лаанаас татгалзаж, LED гэрлийг ашиглах гэнэ.

Хориотой хотын сэргээн засварлагдсан зарим байгууламжууд 2020 онд нээгдэх юм.

Баярын үеэр шөнийн үзэгчдэд зориулж цөөн хэдэн байгууламжийг нээх бөгөөд дэнлүүний шоу, симфони найрал хөгжмийн тоглолт болж, Хятадын эртний уран зургийг барилгын дээвэр дээр проекторын тусламжтайгаар үзүүлэх гэнэ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top