Х.Баделхан: Ипотекийн зээлийг бууруулах боломжгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын талаар өнөөдрийн /2019.02.20/ Засгийн газрын хуралдаанаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулга хийсэн юм.

 

Засгийн газарт тавьсан танилцуулгынхаа талаар Х.Баделхан сайд “Шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг шатааж эрчим хүч гаргаж авна. Уг эрчим хүчээрээ цэвэрлэх байгууламжийн нийт хэрэгцээний 50 хувийг хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэрээнд хэд хэдэн давуу талыг тусгасан. Нэгдүгээрт нийт ажлын 50 хувийг дотоодын компаниар хийлгэнэ. Ажиллах хүчийг мөн тал талаас 50 хувиар гарна. Мөн Монголд үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлнэ. Төсөлд нийт шаардагдах тоног төхөөрөмжийн 35 хүртэл хувь байж болно. Барилгын ажил гурван жилийн хугацаанд дуусна. Ашиглалтад орсны дараа эхний жилд зүгшрүүлнэ. Дараагийн зургаан сард манай талын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургаж хүлээлгэж өгнө.

 

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол үнэр дарах ажлыг хийнэ. Картан дахь шинэ лагийн үнэрийг дарахын тулд лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа. Энэ төхөөрөмж наадмын өмнө ашиглалтад орно. Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна.  2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна” гэсэн мэдээлэл өглөө.

 

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын мэдээллийн үеэр БХБ-ын сайд Х.Баделханаас ипотекийн зээлийн олголтын талаар тодруулга авлаа.

 

-Ипотекийн зээлийн олголт хэр хүртээмжтэй байгаа вэ?

 

-Улсын хэмжээнд нийт 40-50 мянган орон сууц баригдаж байна. Одоогоор Улаанбаатарт баригдсан 5222 орон сууц борлуулагдаагүй хүлээгдэж байна. Үүнээс 2000 орон сууц 1.2 орчим сая төгрөгийн өртөгтэй. Улаанбаатар хотод 46 мянган иргэн урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Үүний дагуу ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газраас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам гаргаж 8 хувийн ипотекийн зээлийг хоёр дахин нэмгдүүлэх боломжтой болгосон. Үүний дагуу Монголбанкнаас 1 хувийн хүүтэй зээл, арилжааны банкууд 12 хувийн хүүтэй зээл гаргахаар болсон. Энэ жил улсын төсөвт 115 тэрбум төгрөг тусгасан байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг олгоно. Ингээд 315 тэрбум төгрөг гарна. Арилжааны банкууд энэ хэмжээний мөнгө гаргаад 630-аад тэрбум төгрөг орон сууцны ипотекийн зээлд гаргана. Энгийнээр хэлбэл 60 сая төгрөгийн орон сууц зээлээр авлаа гэхэд 30 сая төгрөгийг төр, үлдсэн 30 сая төгрөгийг арилжааны банкууд 12 хувиар гаргана. Ингээд дундаж нь 8 хувийн зээл болох юм.

 

-Ипотекийн зээлийн хүү буурах боломжтой юу?

 

-Орос улсад ипотекийн зээлийн хүү 11 хувь байгаа. Манайд 8 хувь байна. Цаашдаа банкны бодлогын хүү буурах юм бол ипотекийн зээлийн хүү буурах боломжтой. Өнөөдрийн хувьд ипотекийн зээлийг бууруулах боломжгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top