Тариаланг дэмжих сангийн захирал 13 жилд 12 удаа ӨӨРЧЛӨГДЖЭЭ

2019 оны 02 сарын 27

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Тариаланг дэмжих сан”-гийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи онуудын санхүүгийн үйл ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ажлын 16 хоногт багтаан шалгалт хийсэн дүнгээ танилцууллаа.

Шалгалтанд тариаланг дэмжих сангийн баримталж ажилладаг хууль, тогтоомж, үйл ажиллагааны дүрэм, журмын нийцэл, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дэмжлэгийн олголт (зээл), эргэн төлөлт, буудайн урамшуулал олголт, авлагын суутган тооцоо, хугацаа хэтэрсэн өр, авлагын барагдуулалт, тоног төхөөрөмжийн борлуулалт, үйл ажиллагааны эрсдэл зэргийг хамруулан судалжээ.

Тариаланг дэмжих сангийн эрх бүхий албан тушаалтнууд:

“Тариаланг дэмжих сан”-гийн шалгагдсан хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад гарын үсэг зурж, хөрөнгийг захиран зарцуулж ирсэн албан тушаалнууд болон тухайн хугацаанд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн талаарх мэдээллийг хүснэгтэд харуулав.

Шалгалтын хамарсан хугацаа буюу 2005-2018 оны хоорондох 13 жилийн хугацаанд Тариаланг дэмжих сангийн захирал 12 удаа,  ерөнхий нягтлан бодогч 9 удаа өөрчлөгдсөн байна. Түүнчлэн, тус сангийн удирдах албан тушаалтнууд буюу хэлтсийн дарга нар нь гүйцэтгэх захирал солигдох тухай бүр дагаж өөрчлөгдөж байсан нь тус сангийн хүний нөөцийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлж ирсэн байна.

Худалдан авах ажиллагааны талаар:

Тус сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн худалдан авах ажиллагаануудыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ХХААХҮЯ-наас зохион байгуулдаг байна.

Тариаланг дэмжих сангийн зохион байгуулдаг худалдан авах ажиллагаа:
 

  •  Үрийн буудай;
  • Хүнсний буудай;
  • Шатахуун;
  • Ургамал хамгааллын бодис, бордоо

ХХААХҮЯ-аас зохион байгуулдаг худалдан авах ажиллагаа:
 

  •  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зээлдүүлэх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /трактор, комбайн г.м./;
  •  Жимс, жимсгэний суулгац, хүлэмжийн тоног төхөөрөмж

Шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2009-2018 онд зохион байгуулсан тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/ болон түүнийг дагалдаж гарсан журам зааврыг мөрдөж ажилласан эсэхийг ажлын хэсэгт гаргаж өгсөн 230 ширхэг хавтаст материалын хүрээнд хянан үзлээ. Хэдийгээр тендер шалгаруулалттай холбоотой мэдээллүүдийг ХХААХҮЯ болон сангийн зүгээс гаргаж өгсөн боловч тендер шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй ААН-үүдийн тендерийн баримт материалыг ажлын хэсэгт ирүүлээгүй аж. Хавтаст материалаас үзэхэд тариалан эрхлэлтийг дэмжих зориулалтаар 2009-2018 онд нийт 138.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 115 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 118.7 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан байна. Нийт 115 тендер шалгаруулалтын хавтаст материалаас үзэхэд 50 тендер шалгаруулалтын үнэлгээ хууль, журамд нийцэхгүй байгааг илрүүлжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.31) 2019 оны 03 сарын 11

Ногоонхуучин трактор 5 саяаар шахсан Бадамжунайг шалгаа.

0  |  0
Top