Засгийн газрын тусгай сангуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын баримт, дүгнэлт, тоймыг ZINDAA.mn цувралаар хүргэж байна.
САНГИЙН НЭР: ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН
Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-гаас
ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 350.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 17.3 хувийг сангаас хийсэн худалдан авалт, 16.5 хувийг ХХААХҮЯ-наас хийсэн худалдан авалт, 16.1 хувийг үрийн буудайн худалдан авалт, үлдсэн 50 орчим хувийг хүнсний улаан буудайн худалдан авалт эзэлж байна. ХХААХҮЯ болон Тариаланг дэмжих сангаас зохион байгуулсан нийт 118.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын 46.9 тэрбум төгрөгийн гэрээ нь Тендерийн тухай хуулийг зөрчиж хийгджээ.
ХХААХҮЯ-наас зохион байгуулсан тендер шалгаруулалтад тендерийн баримт бичигт заасан эрх бүхий байх, ажлын туршлага, санхүүгийн чадварын шалгуур, техникийн тодорхойлолтын нөхцөл, шаардлагыг хангахгүй тендерт оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулсан нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн худалдан авах ажиллагааны талаарх нэгдсэн мэдээлэл бүртгэл байхгүй, гэрээ байгуулах эрх олгосон оролцогчдоос гүйцэтгэлийн баталгаа шаарддаггүй зэрэг зөрчлүүд нийтлэг байна.
Тус сан болон салбарын яамнаас хийсэн худалдан авах ажиллагаа ихээхэн хэмжээний зөрчилтэй бөгөөд буудайн урамшуулал олгох, өр суутган тооцох, хяналтын хариуцлагын тогтолцоо сул байжээ. Түүнчлэн сангаас олгож байгаа үндсэн дэмжлэгийн олгох, түүнд хяналт тавих, эргэн төлүүлэх тогтолцоо муу, олгож буй дэмжлэгүүд хоорондын уялдаа холбоогүй байна. Иймд тус сангаар дамжуулан олгож буй дэмжлэг, урамшууллын тогтолцоог шинэчлэн зохион байгуулж, үр ашгийг нэмэгдүүлэх, хугацаа хэтэрсэн өглөг, авлагыг түргэн шуурхай барагдуулах зайлшгүй шаардлагатай байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд гол мөрдлөг болгон ажилладаг “Хүнсний буудайнд урамшуулал олгох тухай журам”, “Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Тариаланг дэмжих сангийн дүрэм” зэрэг нь 2006 онд батлагдсан Тариалангийн тухай хууль, Засгийн газрын тогтоол хүчингүй болсноор хүчин төгөлдөр бус болсон байх бөгөөд өнөөдрийг хүртэл тус журам, дүрмүүдийг шинэчлэн батлуулаагүй байгаа нь сангийн үйл ажиллагааг эрсдэлд оруулж байна.
Шалгалтын явцад учирсан зөрчлүүдэд удирдлагуудын тогтвор сууршилгүй ажилласан байдал нөлөөлсөн байж болзошгүй байгаа аж. Учир нь 2005-2018 оны хоорондох 13 жилийн хугацаанд Тариаланг дэмжих сангийн захирал 12 удаа, ерөнхий нягтлан бодогч 9 удаа өөрчлөгдсөн байна. Түүнчлэн тус сангийн удирдах албан тушаалтнууд буюу хэлтсийн дарга нар нь гүйцэтгэх захирал солигдох тухай бүр дагаж өөрчлөгдөж байсан нь хүний нөөцийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлж иржээ.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ
Тариаланг дэмжих сангийн өглөгийн үлдэгдэл 2018.09.30-ны байдлаар 141.6 тэрбум төгрөг байна. Тус сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хүнсний буудай, үрийн буудай, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргээр тариалан эрхлэгч иргэд, ААН-үүдэд олгосон бөгөөд сангийн нийт авлага 132 тэрбум төгрөг байна. Харин нийт авлагын 54.6 хувь буюу 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл эзэлж байна.
ҮРИЙН БУУДАЙ: Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд давхардсан тоогоор нийт 3328 ААН-д 87.1 тэрбум төгрөгийн үрийн буудайн дэмжлэг олгосон бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 26.2 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 11.3 тэрбум төгрөг байна. ААН-үүдэд үрийн буудайн дэмжлэг олгох, эргэн төлүүлэх, хяналт тавих журам байхгүй бөгөөд зээлийн барьцаа хөрөнгийг бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй тул шинээр олгож буй зээлүүд чанар муудсан тохиолдолд эргэн төлөлтийн үүргийг хангуулах, барьцаа хөрөнгийн баримт бүрдүүлбэр хангалтгүй байж иржээ.
ШАТАХУУН: Тариаланг дэмжих сангаас нефтийн бүтээгдэхүүн импортлогч ААН-үүдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр шатахуун худалдан авч, түүнийгээ тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, ААН-үүдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, тариаланч, нефт импортлогчдын дундын батлан даагч байдлаар гэрээнд оролцож, эргэн төлөлтийн бүхий л эрсдэлийг өөртөө хүлээдэг байна. Тус сан нь 2007-2018 оны хооронд давхардсан тоогоор 8747 ААН-д нийт 54.9 тэрбум төгрөгийн шатахууны дэмжлэг олгосноос 17.0 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үүнээс 11.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл байна.
ЖИМС, ЖИМСГЭНИЙ АЖ АХУЙ ХҮЛЭМЖ, СУУЛГАЦ: Тариаланг дэмжих сан нь үндсэн дэмжлэгээс гадна салбарын сайдын багцад батлагдсан жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд худалдан авч тухайн санд шилжүүлсэн хүлэмж, суулгац, жимс жимсгэнэ хадгалах хөргөлттэй агуулахыг иргэд, аж ахуйн нэгжид зээлийн гэрээгээр худалдаж байна.
БОРДОО: Тариаланг дэмжих сангаас 2013-2018 оны хооронд давхардсан тоогоор 792 зээлдэгчид 10.4 тэрбум төгрөгийн бордоог олгосноос нийт үлдэгдэл 2.9 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг байна.
ААН-үүдэд бордооны зээл олгох, эргэн төлүүлэх, хяналт тавих журам байхгүй бөгөөд зээлийн барьцаа хөрөнгийг бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй тул шинээр олгож буй зээлүүд чанар муудсан тохиолдолд эргэн төлөлтийн үүргийг хангуулах барьцаа хөрөнгийн баримт бүрдүүлбэр хангалтгүй байна.
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС: Тариаланг дэмжих сангаас 2007-2018 оны хооронд давхардсан тоогоор 4020 зээлдэгчид 34.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис олгосноос нийт үлдэгдэл 8.9 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 5.1 тэрбум төгрөг байна.
ТАРИАЛАНГИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ: ТАРИАЛАНГ ДЭМЖИХ САНГААС СҮҮЛИЙН 14 ЖИЛД /2005-2018 ОН/ НИЙТДЭЭ 161.8 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг, аж ахуйн нэгж, иргэдэд зохих урьдчилгааг төлүүлэн, 2-5 жилд хуваан төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан олгож, дэмжлэг үзүүлж ажиллажээ. Нийт бэлтгэгдсэн техник, тоног төхөөрөмжийг эх үүсвэрээр нь ангилж үзвэл улсын төсвийн хөрөнгөөр 56.9 тэрбум, өөрийн хөрөнгөөр 48.4 сая, зээл тусламжийн эх үүсвэрээр 67.6 тэрбум, бусад эх үүсвэрээр 37.2 тэрбум /ДБМ Лизинг/ төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлжээ.
БАГА ОВРЫН ТРАКТОР: БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлттэй зээлийн хэлэлцээрээр 40,0 сая ам.долларын хөрөнгөөр Хөдөө аж ахуйн бага оврын болон газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмж худалдан авч хөнгөлттэй нөхцлөөр олгох ажлын хүрээнд 2012 онд 8400 ширхэг бага оврын трактор нийлүүлсэн байна. 2018 оны байдлаар бага оврын трактор 4 ширхэг үлдэгдэлтэй байгаа ба нийт 8396 ширхэгийг борлуулжээ.
Уг тракторуудыг 2012 оноос эхлэн нийт 6000 гаруй ААН, иргэдэд 43,598,520,000 төгрөгийн гэрээгээр хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр олгосон ба үүний 21,698,354,925.54 төгрөгийг урьдчилгаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтөөр төвлөрүүлэн 21,900,165,074.54 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнээс 4,286,736,575.92 төгрөг нь хугацаандаа байгаа ба үлдэх 17,613,428,498.54 төгрөг нь хугацаа хэтэрсэн авлага байна
ХҮНСНИЙ БУУДАЙН ДЭМЖЛЭГ: Сангаас хүнсний буудайн дэмжлэг хэлбэрээр иргэд болон гурилын үйлдвэрүүдэд 2007-2018 онуудад нийт 236.9 тэрбум төгрөгийн буудайг хүүгүй зээл хэлбэрээр борлуулсан бөгөөд нийт зээлийн эргэн төлөгдөөгүй үлдэгдэл 22.2 тэрбум төгрөг байгаагаас 20.2 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн байна.
САНГААС ОЛГОСОН УРАМШУУЛАЛ: 2007 оноос эхлэн буудай үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр, тариаланг дэмжих сан болон онцгой байдлын ерөнхий газарт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал тооцон олгож эхэлсэн байна. Ингэхдээ жил бүр засгийн газрын тогтоолоор тушаасан буудайн урамшууллын тонн тутамд олгох мөнгөн хэмжээг тогтоож, үүнийг үндэслэн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар урамшуулалд хамрагдах аан, иргэдийн жагсаалт, урамшууллын хэмжээг баталж, олгосон байна.
2013-2017 оны хооронд 38.1 мянган тонн улаан буудай нийлүүлж 2.7 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Тус аж ахуйн нэгжүүдийн өөрийн гурилын үйлдвэртээ тушаасан улаан буудайн хэмжээг тогтоохдоо зөвхөн толгой компанийн захирал болон тариалангийн бригадын дарга /нэг компанийн ажилтан хооронд/ хооронд байгуулсан гэрээг үндэслэн урамшууллын хэмжээг тогтоосон нь хуурамчаар өсгөж урамшуулал авах өндөр эрсдэлтэй байна.
Тухайлбал, 30 ААН хуурамч баримт бүрдүүлэн улаан буудайн урамшууллаас 561.1 сая төгрөг авсныг тогтоож эргэн төлүүлэх талаар акт үйлдсэнээс 405.1 сая төгрөгийг буцаан төвлөрүүлж, 145 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх зөрчлийг судлан үзэхэд, тухайн ААН-үүд нь гурилын үйлдвэрүүдтэй буудай нийлүүлэх гэрээг байгуулан сангаас урамшууллыг авсны дараа тодорхой шалтгаануудын улмаас гэрээний үүргээ зөрчиж гурилын үйлдвэрүүдэд тохирсон буудайгаа нийлүүлээгүй байжээ.
ТЕХНИК ДУНДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД: 2008 оноос хэрэгжиж эхэлсэн “Атрын III аян” хөтөлбөрийн хүрээнд “Техникийн үйлчилгээний дундын төв”-үүдийг /ТҮДТ/ байгуулж, 2009-2011 онуудад нийт 16 аймаг /30 гаруй сум/-дын ЗДТГ, “Халх гол” төсөл, Улаанбаатар хотын Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаатай лизингийн гэрээ байгуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн 4,986.1 сая төгрөгийн 183 ширхэг техник, тоног төхөөрөмжүүдийг хуваарилахын зэрэгцээ ОХУ-ын зээлээр 1,944,880 ам.долларын 80 ширхэг техник, тоног төхөөрөмж, нийт 270 ширхэг техникийг 3 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Гэвч гэрээгээ цаг хугацаанд нь дүгнээгүй, өр зээлээ төлүүлэх талаар анхаараагүйгээс үүргийн гүйцэтгэл хангагдахгүй болж, 3.9 тэрбум төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ.
“ОНЦГОЙ” АЛДАГДАЛ 18 ТЭРБУМ ТӨГРӨГ
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн онцгой зөрчлөөр бид 18 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан хэргийг нэрлэж байна.
Монгол Улсын 2011оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төсвийн зээл олгох тухай Засгийн газрын 2011 оны 365 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын баталсан “Улсын нөөцөд хүнсний улаан буудай худалдан авах”-д зориулан олгох 35 тэрбум төгрөгийн зээлийг 2011.12.27-ны өдрийн 123 тоот гэрээний дагуу ХХААХҮЯ-нд улсын төсвөөс эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр жилийн хугацаатай хүүгүйгээр олгосон байна. 2011 онд нийт 190,828.8 тонн буудай худалдан авсны 100,000 тонныг дээр дурдсан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан бол үлдэх хэсгийг ямар нэг шийдвэргүй, өөрийн хөрөнгийн боломжоос давсан худалдан авалт хийжээ.
Аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан буудайн төлбөрийг төлөх боломж хязгаарлагдмал байсны улмаас 2011 оны оны эцэст үүссэн өрийг барагдуулах үүднээс Төрийн банкнаас сарын 1.8 хувийн хүүтэй 6.5 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн хүүд 119.3 сая төгрөг төлсөн нь сангийн алдагдал болсон байдаг.
2011 оны 190,828.8 тонн хүнсний буудайг 66.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан боловч зөвхөн 55,740.7 тонныг худалдан авсан үнээр буюу 19.5 тэрбум төгрөгөөр, 102,233.6 тонныг 280.0 мянган төгрөгөөр борлуулж 125 тонныг үрийн будааны зориулалтаар 600 мянган төгрөгөөр, гэрээт аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлтээс дутагдуулсан 736.2 тонныг 400 мянган төгрөгөөр тус тус тооцож нийт 158,835.2 тонн будааг 52,804.2 сая төгрөгөөр борлуулж, 31.993.6 тонн буудайг дутагдуулсан байна.
Борлуулалтын тайланд нийт 61,772.8 тонн будааг сэлгэн хадгалуулахаар зарлага болгосон ба үүнээс 31.993.6 тонн буудай нь энэ дүнд орж тооцогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ буудай нь хэдэн оны үлдэгдэл болох нь тодорхойгүй, нэгжийн үнийн дүн болон орлого болгосон нийт үнийн дүнг бичээгүйгээс шалтгаалж тодорхойлох боломжгүй байна. Тайлангийн зөрүүгээр үнэ бууруулан борлуулсан 102,233.6 тонн буудайнаас 7.156,4 сая төгрөгийн алдагдал хүлээж,тооцоо нийлж баталгаажуулаагүй, /дутагдуулсан/ 31.993.6 тонн буудайны үнээс 11.197.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжийг алдсанаар тайлангийн хугацаанд нийт 18,354.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
tsagaan zahtai hulgaich nar dendej bna
Эхний үед 50 хувь хѳнгѳлѳѳд техник авсан аж ахуйн нэгжүүд бүгд дарга нарын аж ахуйн нэгжүүд аваад жирийн иргэдэд юу ч очихгүй дуусдаг байсан.
Дарга нарын аж ахуйнууд Усалгааны систем барих нэрээр эргэн тѳлѳхгүй нѳхцѳлтэй зуу,зуун сая тѳгрѳг аваад юу ч хийгээгүй газрууд их бгаа даа
Tolj bga tolohgvi bga hvmvvsiig yalgaj salgah heregtei
Tolj bga tolohgvi bga hvmvvsiig yalgaj salgah heregtei
Zarim neg luiwarchdaas bolj oroo hugatsaand ni vnencheer tolood yawj bga bid hohiroh esgvi.tiim hvmvvstei anhnaasaa oroo tolohoos naash geree hiihee l bolichih heregtei
чанаргүй Зээд байх даа яахав дээ байгаа Хөрөнгийн нь хурааж Улсын оролого болгох хэрэгтэй ш дээ Жирийн Мануусыг бол Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан ирээд л шууд Хөрөнгө Байр савыг минь Битүүмжлээд явчихдаг ш дээ Хууль ижилхэн л Үйлчлэх хэрэгтэй ш дээ
Peranlai geed l neg yum udirdaad bsan biz dee temriigee horioch