ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: Гэрээгүй, эргэн төлөлтгүй БОЛОВСРОЛЫН зээлийн сан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Засгийн газрын тусгай сангуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын баримт, дүгнэлт, тоймыг ZINDAA.mn цувралаар хүргэж байна.
 

НЭР: БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Боловсролын зээлийн сан” нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр төрийн бодлого, шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцаж буй оюутан, залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж, үндэсний болон урамшууллын тэтгэлэг, зээл болон буцалтгүй тусламж, замын зардлыг олгох үйлчилгээ үзүүлдэг тусгай сан юм.

Боловсролын зээлийн сан. Анх үүссэн зорилгоороо бол сайхан сан. Хөгжиж буй гэх тодотголтой ядуу буурай манайх шиг улсын нэг ч гэсэн иргэн боловсролын зээлээр өндөр хөгжилтэй орнуудад сурч дэлхийн хэмжээний боловсрол, хөгжилтэй орнуудын ноу-хауг эх орондоо авчирч байгаа нь маш том хөрөнгө оруулалт болдгоороо 27 тусгай сан дотроо хамгийн чухал нь энэ. Гэвч 1993 онд байгуулагдсан энэ сангийн зээлийн гэрээ нь шаардлага хангаагүй гэвэл та итгэх үү? Харамсалтай нь бодит байдал, хяналт, шалгалтаар шаардлага хангаагүй нь тогтоогджээ. Суралцагчид, Боловсролын зээлийн сан, захиалагч талуудын хооронд байгуулсан гэрээ нь Монгол улсын Иргэний хуульд заасан гэрээнд тавигддаг үндсэн зарчмуудад нийцээгүй, эрх зүйн харилцааны наад захын шаардлагыг хангаагүй гэсэн дүн гарсан байна. Эрхэм уншигч та үүнээс нэг асуултын хариултыг төвөггүй олох байх. Зээлийн эргэн төлөлт шаардлага хангаагүй зээлийн гэрээнээс үүдэлтэй аж. Хэн яаж, хэзээ төлөх, төлөхгүй бол ямар арга хэмжээ авах, хариуцлага ногдуулах, барьцаанд юу үлдээх вэ гэсэн наад захын харилцааг зохицуулж чадаагүй нь зээлийн эргэн төлөлт тааруу байгаагийн хамгийн том шалтгаан юм. Боловсролын зээлийн сан үүссэн цагаасаа хойш гэрээний загвар, агуулгад гурван удаа өөрчлөлт оруулсан ч эргэн төлөлтийн чанар сайжраагүй, боловсронгуй болж чадаагүйгээр барахгүй гэрээгээр хүлээх талуудын үүрэгч тэгш бус байжээ.

Боловсролын зээлийн сан нь агуулга, чанарын хувьд учир дутагдалтай байгаа талаар аль 2011 онд аудитын газрын дүгнэлт гарч байж. Олгосон зээлийн үлдэгдэл болох 18.1 тэрбум төгрөгийг барагдуулах талаар балан шаардлага ч гарсан гэдэг. Мөн 2017 оны шалгалтаар 150.2 сая төгрөгийн авлагын тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын сургалтын эргэн төлөгдөх зээл 37.2 сая төгрөг, дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчдын эрэн төлөгдөх зээл 13.6 сая төгрөг, буцалтгүй тусламжийн 4.8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Боловсролын зээлийн сангаас 2017 онд төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 78 их, дээд сургуулийн 19.8 мянган суралцагчдад 44.8 тэрбум төгрөгийн тэтгэлэг, сургалтын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгожээ. 

Энэ чухал сан хүн хүчгүйн улмаас аудитын хяналтаар зөвхөн нэг хүн тохоон томилж, аудитын хяналтын тусгайлсан алба байгаагүй нь аудитын хяналт шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдийн нэг байжээ. Аудитын шалгалтын тусгай алба байгуулах талаар өмнө нь баримт бичгээр мэдэгдэж байсан ч үр дүнд хүрээгүй нь шалгалтаар илэрсэн зөрчил гэж дүгнэж буй юм. Тэгээд 13 гаруй тэрбум төгрөгийн авлагыг хэн төлөх юм бэ, гэж үү. Бүү мэд. Одоогоор ийм л хариулт байна. Жил бүрийн валютын ханшийн зөрүү, хүүгээс хүү тооцох аргачлал нь өмнөх гэрээнд тусгасан тул үлдэгдлийг эргэн төлүүлэхэд хүндрэлтэй гэж аудитын тайланд тусгажээ.

Донор орнуудын дэмжлэгээр байгуулагдсан “Сургалтын төрийн сан” байгуулагдаад 26 жилийн нүүрийг үзжээ. Гэвч хамрагдсан оюутнууд эх орондоо ирэх нь бүү хэл, зээлийн үлдэгдлээ төлөхгүй өдийг хүрсэн байна. Зээлийн гэрээ нь хангалтгүй, аудитын хэлтэс байдаггүй, дээрээс нь олон жилийн валютын ханшийн зөрүү зэргээс шалтгаалан 12 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг хэрхэн төлөх нь ч эргэлзээтэй хэвээр...

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ichinhorol(202.9.44.182) 2019 оны 03 сарын 04

Awsan humuuseer n toluuleechee saranchimeg gishuun tolson u toluuleech jiriin irgediin huuhduudihiig bol odiid caazin tabcand l bgaa

0  |  0
Top