О.Алтансүх төсвийн 1.7 тэрбум төгрөгийг ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛСАН УУ!

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-т оруулсан аудитын шалгалтаар 1.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Тодруулбал, тус газрын дарга О.Алтансүх төсвийн хөрөнгөнөөс хамаарал бүхий этгээдүүдэд их хэмжээний мөнгө хуваарилсан байжээ. Тухайлбал, О.Алтансүх өөрийн найз, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайн эхнэр Б.Баттуулын “Хөгжлийн академи” гэх байгууллагад 50 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь шалгалтаар илэрчээ. Гэвч тус академи энэхүү санхүүжүүлтийг гэрээнд зааснаас өөрөөр зарцуулсан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн О.Алтансүх арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд зориулж, “Эм-Эс-Си-Ай” ХХК-д 50 сая төгрөгийг мөн олгосон байна. Тус компани нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэд дарга Б.Халиуны найз, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нацагдолгорын удирддаг байгууллага ажээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас нэрийг өөрчилсөн байдаг. Улмаар 2017 онд ГБХЗХГ-ын төсөв 396 сая төгрөг байсан бол 2018 онд таван тэрбум төгрөг, энэ жилийн хувьд төсвийг мөн нэмж найман тэрбумд хүргээд байгаа юм. Гэтэл дээрх төсвийн мөнгөний 1,7 тэрбум төгрөгийг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр захиран зарцуулсан нь ийнхүү ил болжээ.

ГБХЗХГ нь 2016-2020 онд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгох, Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ гэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж, төсвийн мөнгөө зарцуулахаар болсон байдаг. Харин энэхүү зорилт хэрхэн хангагдаж ирснийг бид энэ оны сүүлээр харах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top