ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: Капитал банк 2389 иргэн, 954 өрхийн боломжийг ХУЛГАЙЛЖЭЭ

2019 оны 03 сарын 05

Засгийн газрын ТУСГАЙ сангуудтай холбоотой цуврал үргэлжилж байна. Ил тод болсон нь л ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болохоос улстөрчдийн хуруу гараа дүрдэг сангууд ТУСГАЙ гэх нэршилтэйгээр олон жил оршин тогтносон тухай ТАВАН сарын турш ярив. Харин Сангийн яамнаас сангуудад шалгалт хийсэн  дүн тодорхой болж, сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдаад байна. Тогтоолоор долоон санг татан буулгахаар шийдвэрлэсний сацуу  зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэх шийдвэр гарсан нь шүүмж дагуулж буй. Хэрэгцээ шаардлагатай сангуудыг татан буулгачихаад эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниудын данс руу тэрбум тэрбумаар нь санхүүжилт өгдөг гурван санг нийлүүлж, хяналтгүй сангийн багтаамжийг улам том болголоо гэж хэлэгсэд бий. Ер нь  тусгай сангуудын цаашдын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих вэ? Хэрхэн яаж улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдийн угж болгохгүй байх вэ? гэдэг асуулт хариулт, шийдэл нэхсэн хэвээрээ байна. Тусгай сангуудад реформын шинжтэй ХЯНАЛТ хэрэгтэйг сангуудад хийсэн шалгалтын тайлангаас харж болно. Цуврал ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САН-гийн мэдээллээр үргэлжилж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2018 он хүртэлх зургаан жилийн хугацаан дахь  санхүүгийн үйл ажиллагааг Сангийн яамнаас шалгаж, дүгнэлтээ гаргалаа.  Үүх түүхийг нь цухас өгүүлэхэд найман жилийн өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай  хуулиар байгуулагдсан  ТУСГАЙ сан.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэж байна. Харин зарлага нь  улсын болон орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүйгээр ажилгүй болон зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг байнгын болон түр ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлдэг аж.

Тус санд 2012-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 564.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож, гүйцэтгэлээр 551.2 тэрбум төгрөгийн орлогыг Улс, орон нутгийн төсөв болон үндсэн үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэрээс төвлөрүүлжээ.

САНХҮҮГИЙН ШАЛГАЛТЫН ДАРААХ ХЭДС-ИЙН ТӨРХ

Сангийн яамнаас хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг   зөрчлийн мэдээллийг хүргэе.

Орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулж ажиллах, орлого тасарч байгаа шалтгааныг судлан, төлөвлөлтийг оновчтой болгох талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулаагүй.

Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт 2013 онд 7.9 тэрбум төгрөгөөр тасалдсан, аж ахуйн нэгж, байгууллагууд Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолд заасан “Хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн ажиллуулаагүй төлбөрийг сар бүр төлөх” заалтыг мөрдөж ажиллаагүйгээс 3 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлээгүй байгаа нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн дайчлан ажиллах талаар анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.

Ажиллах хүч гадаад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг төлнө”, 9.6-д “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолуудаар ажлын байрны төлбөрийг чөлөөлж иржээ.

 Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2012-2018 онд Квотоос чөлөөлсөн хүний тоо 169510, ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн хүний тоо 20342 болж нийт 30.4 тэрбум төгрөгийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь энэ хэмжээний орлого санд төвлөрөх боломжийг алдсан байна.

-Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн зээлийг хөтөлбөрийн хүрээнд шинээр бий болгож зээл олгохдоо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хэтрүүлэн олгосон.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн шалгаруулалт зохион байгуулах удирдамжийг баталсны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/133, А/172 тоот тушаалуудаар нэгж төслийн төсөвт өртгийг 200 хүртэл сая төгрөг байхаар тооцож нийт 3,986 тэрбум төгрөгийн  зээлийг 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид хүүгүй олгосон нь ”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5 сая хүртэл төгрөг байх …” Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 5.3-д заасныг тус тус зөрчсөн байна.

-Капитал банкинд байршуулсан 7  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь буцаан төвлөрүүлээгүй, хугацаа хэтрүүлсний алданги тооцож төлүүлээгүй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн хүү банкны зээлийн хүүгээс ихээхэн доогуур байгаа тул арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар банкиндаа байршуулж, банкны бусад үйл ажиллагаанд ашиглан, ашиг олж байна.  Тухайлбал, Капитал банкинд шилжүүлсэн 7 тэрбум төгрөгөөс уг гэрээний 3.15-д заасны дагуу 6 сарын дотор эх үүсвэрийг бүрэн зээл хэлбэрээр олгохыг заасан байтал гэрээний заасан хугацаанд 4.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй буюу зээлийн эх үүсвэрээс 31.8 хувь нь олгогдсон байна. Зээл хэлбэрээр олгогдоогүй хөрөнгийн эх үүсвэр нь 2,389 хүнийг ажлын тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй болгох, 954 өрхийг малжуулах боломж байсныг алдсан байна.

 Тодотгоход, Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7 тэрбум төгрөгийн эх үүсвэр банкинд байршуулсан байна. Гэрээний хугацаа 2018 оны гуравдугаар сарын 23-нд дуусч, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан  ч одоог хүртэл төвлөрүүлээгүй байна.

-Дампуурсан “Анод” банк болон “Дэлгэр Экспресс” ББСБ-аас авах найдваргүй авлагын үлдэгдэл 847.5 сая төгрөг балансад бүртгэлтэй.

2005-2008 онд Анод банкаар дамжуулан ХЭДС  нь жижиг зээл олгож байсан бөгөөд тус банк татан буугдсанаар 2008 онд байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл 800 сая төгрөгийг буцаан төвлөрүүлээгүй байна.  Мөн “Дэлгэр Экспресс” ББСБ-аар дамжуулан олгож байсан жижиг зээлийн эх үүсвэр 47.5 сая төгрөгийг буцаан татан төвлөрүүлээгүй, найдваргүй авлага хэлбэрээр санхүүгийн тайланд бүртгэлтэй байна.

-Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын дагуу ХЭДС-гаас олгосон 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн эргэн төлөлт хангалтгүй, хуульд заасан зардлын ангилалаас гаргаагүй, Сангийн яамны 2017 оны шалгалтын ажлын хэсгээс гаргасан албан шаардлагыг хэрэгжүүлээгүй.

 Уг тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/-ны хооронд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ" байгуулж, “Оёдлын нэгдсэн холбоо” ТББ-д ХЭДС-гаас 17 тэрбум төгрөг олгосон нь Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг зээлийг зөвхөн банкаар дамжуулан олгох” -оор заасан журмыг зөрчсөн байна.

 Мөн уг эх үүсвэрийг гаргахдаа хуульд заасан зардлын төрлөөр бус тухайн оны жижиг зээлд батлагдсан төсвөөс зарцуулсан байна. “Оёдлын нэгдсэн холбоо” ТББ-д олгосон зээлээс 1,180.1 сая төгрөг төлж, 15,819.9 сая төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Сангийн яамны СХЭУГ-аас 2017 онд ХЭДС-гийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлтээр уг зээлтэй холбоотой үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болон алдангийн төлбөр болох нийт 18.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулж зээлийг барагдуулах албан шаардлага хүргүүлсэн боловч биелэлт үр дүн хангалтгүй байна.

-Төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжигдэх 20 төсөлд 2,286.8 сая төгрөг, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/107 тоот тушаалаар ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн нэмж жагсаалтаар олгосон 4 төслийн 390.0 сая төгрөг нийт 2,676.8 сая төгрөгийн ажлыг Хөдөлмөрийн яамаар дамжуулан 23 ТББ-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн боловч гэрээний биелэлт үр дүнг тооцоогүй байгаа нь “Төсвийн тухай хууль”-ийн 6.4.1-д ”төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2-д “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” гэснийг зөрчсөн байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийг зөрчиж хөдөлмөрийн яамны ажиллагсдын томилолтын зардалд 178.4 сая, Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд зориулсан өдөрлөг болон бусад арга хэмжээний зардалд 200.3 сая, уулзалт хэлэлцээр, үйлчилгээний зардалд 27.0 сая нийт 505.7 сая төгрөгииг зориулалт бусаар зарцуулсан боловч холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй.

-Системийн хэмжээгээр олгогдсон жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь, гэрээний хугацаанд тавих хяналт муугаас хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй үлдэгдэл ихтэй байгаагаас авлага үүссэн, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан зарим төслүүд нь шалгуур үзүүлэлт хангаагүй зэрэг нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

-Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/152 дугаар тушаалаар жижиг зээлийн эх үүсвэрийг аймаг, дүүргийн дэд сангуудад хуваарилсан ба арилжааны банкуудтай гэрээ байгуулсан байна. Эдгээр оролцогч банкуудын сонгон шалгаруулалт явагдсан эсэх талаар холбогдох баримт байхгүй, зээлийн ашиглалт хангалтгүй, түүнд тавих хяналт сул.

-Оролцогч банкууд болох Хас, Хаан, Капитал, Төрийн банкуудтай Хөдөлмөрийн сайд болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын хооронд гэрээ байгуулсан боловч эдгээр банкуудыг хэрхэн сонгон шалгаруулсан эсэх талаар баримт материал хангалтгүй байна. Зээл авах хүсэлтийг хичнээн иргэн ирүүлснээс хэдэн хүнд зээл олгосон талаар нэгдсэн судалгаа байхгүй байна. Жижиг зээлийн эх үүсвэр байршуулахдаа банкны сонгон шалгаруулалтыг зарлалгүй Хөдөлмөрийн сайд, Төрийн банкны Гүйцэтгэх захирлын хооронд 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр шууд гэрээ байгуулан 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдөр байршуулсан байна. Жижиг зээл олгож буй банкуудтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээнд ХХҮЕГ зээлийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавихаар заасан ч хэрэгжилт хангалтгүй, зээлийн ашиглалтад тавих хяналт сул байна. Мөн Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолын 6.5-д зааснаар аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс жижиг зээлийн эх үүсвэрийн ашиглалт, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих байдал хангалтгүй байна.

- Эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдож байсан санхүүгийн дэмжлэгийг буцалтгүй тусламж болгон өөрчилсөн, ажлын байрыг дэмжих, аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн муутай.

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2015 оны хоёрдугаар  сарын 12-ны тогтоолоор Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 50 хувийг 24 сарын дотор эргэн төлөх нөхцөл мөрдөгдөж байсныг 2015 оны арванхоёрдугаар  сарын 16-ны тогтоолоор Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр болгон санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөхөөргүй болгон өөрчилснөөр 3.9 тэрбум төгрөгийг буцалтгүй байдлаар олгосон байна. Харин 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор энэхүү хөтөлбөрийн хүрээнд олгож буй дэмжлэгүүдийг 100 хувь эргэн төлөхөөр зохицуулсан байна.

 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр нь ЕБС-ын хүүхдүүдээс хэдэн хүүхэд мэргэжлээ зөв сонгож байгаа эсэх тодорхойгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, эргэх холбоо сул, үр дүн, үр нөлөө багатай гэж дүгнэх үндэслэлтэй байна. Сургуулийн сурагчдад ерөнхий боловсролын сургуулийн программд орсон хичээлээр багштай хамтран хичээл заах төслийг шалгаруулж санхүүжүүлсэн нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх ажлын удирдамжийн 3.10-ын “Төслийн 4.2-т тусгагдсан хүүхдийн хөдөлмөр зуслан, урлаг, спортын онцлог төрөл мэргэжлийн дугуйлан ажиллуулахад Хөдөлмөрийн хуулийн 109 дүгээр зүйлд заасныг ойлгож хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

Аж ахуй эрхлэлтийн сургалтыг орон нутгийн харъяалалгүй гадны байгууллага зохион байгуулж явуулж байгаагаас шалтгаалж сургалтын чанар муу, богино хугацаанд хичээллэж эргэх холбоогүй байгаагаас шалтгаалж гүйцэтгэл үр дүн, бодитой тооцогддоггүй, Мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр, модулиас шалтгаалан сургалтын үргэжлэх хугацааны талаар тодорхой мэдээлэл хөтөлбөрт болон удирдамжинд тусгагдаж ирдэггүйгээс сургалтын үргэлжлэх хугацаа тодорхойгүй. Мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад энэ талаар мэдээлээгүй, сургалтад хамрагдаж буй иргэдийг чадавхижуулах, мэргэшүүлэх талаар Бизнес инкубацийн үйлчилгээ орон нутагт байдаггүйгээс сургалт үр дүнгүй болж хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулах үндэслэл болж байна. Сургалтын эрх авсан зарим сургалтын байгууллагууд үндсэн баримтгүй, сургалтын арга хэмжээний хүрээнд бүрдүүлэх баримтын жагсаалтыг батлаагүй, санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй зэргээр хууль тогтоомжийг зөрчсөн байна.

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн дагуу олгогдсон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт хангалтгүй, зориулалт бусаар зарцуулсан, бизнес эрхлэх туршлага багатайгаас хөтөлбөр үр дүнд хүрэхгүй байна.

Санхүүгийн дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон санхүүгийн, мөн төслийн эцсийн гүйцэтгэлийн тайлан авдаггүй. Эргэн төлөлт хангалтгүй, хуваарийн дагуу төлөлт хийгддэггүй. Төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, тухайлбал, тоног төхөөрөмж авах төсөл бичсэн атал бараа материал худалдан авсан баримт бүрдүүлсэн, санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд "санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол буцаан төлүүлэх" гэсэн заалт хэрэгждэггүй. Хөтөлбөрт хамрагдаж бүлгийн зохион байгуулалтад орсон залуучууд эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах туршлага дутмагаас санхүүгийн дэмжлэгийг хуваан авах талаар маргаан гарч улмаар тарах, төслийг үр дүнгүй болгоход хүргэдэг. Хөтөлбөрт хамрагдах нас 15-24 гэж заасан, МСҮТ төгсөгч болон төгсөгчийн бүлгийн гишүүн нэг бүртэй гэрээ байгуулдаггүй, мөн бизнес эрхлэх туршлага багатай байгааг харгалзан эцэг эхийн оролцоог ханган батлан даагчаар оролцуулах эрх зүйн зохицуулалтгүйгээс эрсдэл гарч байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй санхүүжилтийг бууруулан олгосноос үндсэн зорилтоо хангаж чадахгүй байдалд хүргэж байна.

- ХБИ-ийн төслийг шалгаруулж санхүүжилт олгохдоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 3.3.1-д заасан "нэг ажлын байранд 1 сая төгрөг..." гэснийг зөрчиж 1 иргэнд 500.0-800.0 мянган төгрөгийн санхүүжилт олгох байдлаар хэт хавтгайруулж олгосноос шалтгаалж хөтөлбөрийн үр дүнг үр ашиггүй болгож ажлын байр бий болгох үндсэн зорилтыг алдагдуулсан байна. Санхүүгийн дэмжлэг авсан иргэдээс гүйцэтгэлийн тайлан аваагүй тул гүйцэтгэлийн хяналт хийх боломжгүй, төслийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, “санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол буцаан төлүүлэх" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, эргэн төлөлт хийх хуваарийн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй байна.

- Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй хөрөнгийн бүртгэл хангалтгүй, мэдээ тайлан хоорондоо зөрүүтэй илэрхийлэгдсэн байна.

 Тус хөтөлбөр нь 2007 оноос өмнө туршилтаар зарим аймгуудад хэрэгжиж эхэлсэн гэх боловч тухайн онуудын тайлан мэдээ хангалтгүй, анх хэрэгжиж эхэлснээс хойш одоог хүртэл хэдэн малчинд хичнээн төгрөгийн санхүүжилт олгосон нь тодорхойгүй байна. 2007-2013 онуудын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих гэсэн зардлын зүйлээр нийт 18,705.2 сая төгрөг  зарцуулсан гэх боловч яг малчдыг малжуулах хөтөлбөрт хэдэн төгрөгийн санхүүжилт олгож, ямар ямар аймаг, дүүргүүдэд хэнд, хэдэн төгрөгийг олгосон нь тодорхойгүй, салгаж үзэх боломжгүй байна. 2014-2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Санхүүжилт төлөвлөлтийн газраас өгсөн судалгаагаар 22,938.4 сая төгрөгийн санхүүжилт олгогдож, нийт үлдэгдэл 9,644.6 сая төгрөг байна гэж мэдээлсэн байхад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтний гаргаж өгсөн судалгаагаар 23,964.3 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн мэт харагдаж байгаа нь төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналт муу байгааг харуулж байна.

- Цахим мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт хангалтгүй байна.

Хөдөлмөрийн хувийн биржийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага бүртгэж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно./ 9.2 дахь заалт / ”Хөдөлмөрийн бирж нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний байгууллага байх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээнд холбогдсон төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаас бүрдэнэ” гэж заасны дагуу 2011 оноос эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилгоор жил бүрийн төсөвт тусгаж тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж ирсэн ч, мэдээллийн санг бүрдүүлж чадаагүй байна. Дээрх байдлаас шалтгаалж Сангийн мэдээллийн тоон үзүүлэлтийг аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд нэгтгэж тайлагнах үйл ажиллагаа доголдсоноос шалтгаалж улсын хэмжээний дүн мэдээг үнэн зөв гаргах боломжгүй болсон.

Цаашид яах вэ?

Шалгалт хийсэн Сангийн яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан илэрсэн зөрчил дутагдлаа засах ёстой гэсэн чиглэлийг өгөөд байна. Байгууллагын үйл ажиллагаа, халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнөх онуудад хийсэн шалгалтаар нийт 24,9 тэрбум төгрөгийн төлбөр зөрчил илэрснээс 1,093.0 сая төгрөгийн зөрчилд улсын /ахлах/ байцаагчийн 132 акт, 23,843.3 сая төгрөгийн зөрчилд хугацаатай 47 албан шаардлага өгсөнд дүгнэлт хийж системийн хэмжээнд гарсан алдаа, зөрчил дутагдлыг засч  залруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тайланд дурджээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.36) 2019 оны 03 сарын 05

МУНДАГ САЙТЫН ХАМТ ОЛОНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ЦААШДАА Ч ҮНЭНИЙ ТАЛД ЗОГСОЖ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЖ БАЙГААРАЙ

0  |  0
Top