Ч.Чамин-Эрдэнийн хэргийн ГОЛ ГЭРЧ амиа алдсан гэх мэдээлэл ташаа гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дөрвөн сар гаруй хугацаанд шалгаж, мөрдөн байцаалтаар гадны нөлөө тогтоогдоогүй тул хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс талийгаачийн үхлийг гадны нөлөөтэй хэмээн үзсэн хэвээр байгаа ба нэр бүхий хүмүүсийг буруутган, цахим орчинд мэдээлж байсан ч шалгалтаар хэрэгт холбоотой хүн тогтоогдоогүй юм. Хамгийн сүүлд Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү "Хэрэг гарсан өдөр талийгаачийг хашгирч байгааг сонссон гэж мэдүүлсэн  гэрч Г.Улсболд алуурчдын гарт амь насаа алдсан" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэгвэл түүний өгч буй мэдээлэл ташаа болохыг цагдаагийн байгууллага болон Монголын скаутын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Ч.Чамин-Эрдэнийн хэргийн гэрч гэгдэх Г.Улсболд нь Монголын Скаутын холбооны удирдагч багш байсан бөгөөд Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийг амь насаа алдах үед буюу 2018 оны аравдугаар сарын 22-27-ны ѳдрүүдэд ОХУ-ын  Удаан-Үд хотод ажлаар явж байсан нь баримтаар тогтоогддог ба уг хэргийн гэрч байх үндэслэлгүй аж. Харамсалтай нь, өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Г.Улсболд нь зуурдаар нас барсан ба талийгаачийн нэрийг үндэслэлгүйгээр ташаа мэдээлэлд оролцуулахгүй байхыг Монголын Скаутын холбооноос мэдэгдсэн байна. Түүнчлэн талийгаач Г.Улсболдын ар гэрийнхэн энэ асуудлыг шалгуулахаар албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top