СЭДЭВ: Дөрвөн хүүхэд тутмын нэг нь АМИА ХОРЛОХ ТУХАЙ бодож үзсэн гэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 16 орчим мянган хүн нас барснаас 438 буюу гурав орчим хувь нь амиа хорлон нас барсан гэх статистик мэдээ бий.

Эндээс жилд дунджаар 33 минут тутамд нэг  хүн нас барж, 20 цаг тутамд нэг хүн амиа хорлон эндсэн гэж хэлж болох юм. Түүнчлэн нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй тогтвортой биш байдаг учраас амиа хорлох магадлал их байдаг. Өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож үзсэн гэх судалгаа ч бий. 

Хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 24-ны өдөр 8-14 насны хоёр хүүхэд амиа хорлосон тухай бид мэдээлсэн. Одоогоор хуулийн байгууллагаас эдгээр хэргийг шалгаж байгаа ба үндсэн шалтгаан нь хүүхдийн сэтгэлзүйтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь хүмүүсийн бодож байснаас илүү түгээмэл байдаг бөгөөд цаг ямагт хүүхдийнхээ сэтгэлзүйд анхаарч, харилцах шаардлага бий болсныг дээрх үйл явдал харуулж байна.

Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол гэр бүл. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой нь эцэг эх байх ёстой атал хүүхэд энэ орчинд ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр амиа хорлох алхмыг сонгож байгаа нь харамсалтай.

Судлаачдын үзэж байгаагаар, нийгмийн сэтгэлзүй дээд зэрэгтээ хүртэл өвчилсөн учир ийнхүү бага насны хүүхдээс эхлээд үхэх тухай бодох болсон. Гэвч амиа хорлолт нь санамсаргүй осол, тээврийн осол зэрэгтэй нэгтгэгдэн мэдээлэгддэг учраас төдийлөн анхааралд өртөхгүй үлдэх болжээ.

Тиймээс манай улс бодлогыг хэмжээнд дээрх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Харин дэлхийн түвшинд 28 улс амиа хорлохоос сэргийлэх, хамгаалах стратеги хэрэгжүүлж байна. Тухайлбал, амиа хорлохоос сэргийлэх, хянах зорилгоор амиа хорлох арга замыг багасгахад галт зэвсэг, эмийн хэрэглээг хянах, хязгаарлах, архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах бодлого хэрэгжүүлдэг. Мөн эмийн хэрэглээнээс хамааралтай болон сэтгэцийн хямралтай хүмүүсийг эрт илрүүлж, эмчлэх, мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгэл зүйчдийг бэлтгэх, амиа хорлохыг оролдсон хүмүүсийг анхаарч, туслах, олон нийтийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга, хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top