Японд амиа хорлох тохиолдол багассан шалтгааныг шинжээч тайлбарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсад амиа хорлох тохиолдлын тоо 20 хувиар багасжээ.

“Lifelink” амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Ясүюки Шимизүгийн хэлснээр, хямралын эхэн үед амиа хорлох тохиолдлууд багасдаг хэд хэдэн шалтгаан байдаг байна. 2011 онд 20 мянган хүний амийг авч одсон цунами, Фүкүшима -1 атомын цахилгаан станцын осол болсны дараа ийм дүр зураг мөн ажиглагдаж байжээ. Амь насанд бодит аюул нүүрлэхэд хүнд өөрийгөө аврах зөн нь ажиллаж эхэлдэг байна. Амиа хорлох тухай бодож байсан хүний ч тэр бүх хүч амь насаа аврахад зарцуулагддаг гэж Шимизү үзэж байна. Түүнчлэн, хямрал болон онцгой нөхцөл байдалд нийгэмд үүсдэг эв санааны нэгдэл мөн үүний гол шалтгаан. Нийгэмд сэтгэл түгшээсэн асуудал хүн бүрд ижил тусдаг тул хүмүүс хоорондын ялгаа арилдаг нь бас нэг шалтгаан гэнэ.

Амиа хорлолтын тоо буурсан нь ажил, сургуульд ажиглагддаг сэтгэл зүйд дарамт учруулдаг хүчин зүйлс хөл хорионы үеэр үгүй болсонтой холбон тайлбарлаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дүгнэлтийг эртэдсэн гэж Шимизү үзэж байна. Ийм дүгнэлт хийхийн тулд нийгмийн аль бүлэгт амиа хорлолт багассан тухай мэдээлэл шаардлагатай. Энэ үзэгдлийн ард энэ шалтгаан байх боломжтой ч статистик мэдээллээс үзвэл ажилгүй хүмүүс амиа хорлох нь элбэг тохиолддог байна.

Цаашид нөхцөл байдал сайжирна гэдэгт тус байгууллагын мэргэжилтнүүд эргэлзэж байна. Учир нь зарим хүмүүст ажлын байраа алдах, амьжиргаагаа залгах мөнгөгүй болох зэрэг нөхцөл байдлыг сэтгэл зүйн хувьд даван туулна гэдэгт эргэлзээ төрж болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж Шимизү анхааруулжээ. Энэ хүрээнд компаниудын зүгээс ажлын байрыг хадгалах арга хэмжээ авах, хямралд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх, олон нийтийн сүлжээ болон утсаар зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж тэрбээр онцолжээ.

Японы Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улсад 1455 хүн амиа хорлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар бага байна. Тухайн үед тус улсад 1814 хүн сайн дураар хорвоог орхиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top