Японы дунд сургуулийн сурагчдын дунд амиа хорлох явдал өнгөрсөн хичээлийн жилд дээд хэмжээнд хүрсэн талаар тус улсын боловсролын яамнаас гаргасан тайланд дурджээ.
2020 оны хичээлийн жилд тус улсад 6-18 насны 415 хүүхэд өөрийгөө егүүтгэсэн нь 1974 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Гэр бүлийн асуудал, сургалтын дүн, бусад хүүхэдтэй харилцах харилцаа, өвчин зэрэг хүчин зүйлстэй сурагчдын дунд амиа хорлох явдал нэмэгдсэн нь холбоотой аж. Ингэхдээ өнгөрсөн жил бүртгэгдсэн амиа хорлолтын тал хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна гэж NH{ телевиз онцолжээ. 2019 онд 317 сурагч амиа хорлосон байна.
Японы боловсролын яам жил бүр бүх түвшний боловсролын байгууллагуудад амиа хорлох, гадуурхах, хичээлээ таслах үзэгдлийн талаар судалгаа хийдэг байна. Судалгаанаас үзвэл, өнгөрсөн жил 190 мянга гаруй сурагч 30 болон түүнээс дээш хоног хичээлээ тасалсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс найман хувиар өсжээ. Судалгааны дүнгээс үзвэл, цар тахал сургуулийн болон гэр бүлийн орчинд өөрчлөлт гарч, хүүхдүүдийн зан авирт нөлөөлсөн гэж Японы боловсролын яамны төлөөлөгч мэдэгджээ.
Коронавирусний халдварын улмаас Японы бага болон дунд сургуулиуд 2020 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хаалгаа барьсан байна. Тус улсад хичээлийн жил дөрөвдүгээр сард эхэлж, дараа жилийн гуравдугаар сард дуусдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )