Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани залуу зохион бүтээгчдийн нэг ажил дээрээ гадуурхагдсаны улмаас амиа хорлосон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тус компани ажил дээр ийм үзэгдэл гаргахыг таслан зогсоохыг амлаж, амиа хорлосон ажилтны ар гэрийнхэнтэй асуудлыг шийдсэн гэж NHK телевиз мэдээлжээ.
“Toyota Motor” компанийн ерөнхийлөгч Акио Тоёда албан ёсоор уучлал гуйж, ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгохоор болсон байна. Хэдий хэмжээний мөнгө өгөх болсон нь нууц үлджээ.
Амиа хорлосон залуу инженер Токиогийн их сургуулийг төгсөж, 2015 онд тус корпорацад ажилд орсон байна. 2016 оны гуравдугаар сараас эхлэн автомашины зураг төсөлд дээр ажиллаж байжээ. Түүнийг удирдлага нь олны өмнө амжилт гаргахгүй байна гэж байнга гадуурхдаг байсан нь хожим нь илэрчээ. Тэрээр 2017 оны аравдугаар сард корпорацын ажилтнуудын байранд амиа хорлосон байна. Энэ хэргийг шалгасны эцэст төрийн хяналтын байгууллагууд хүний эрх зөрчсөн, эрх мэдлээ буруугаар ашигласан гэж үзжээ.
Эл хэргийн дараа “Toyota Motor” дүрмээ өөрчилж, ажлын байран дээр гадуурхах явдал гаргасны төлөө хүлээх хариуцлагыг чангатгажээ.
Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү Японы Засгийн газар холбогдох захиргааны хууль дүрмийг хэрэгжүүлэх замаар төрийн байгууллага болон хувийн компанид ажилтнуудаа гадуурхах явдлыг устгах тал дээр бүхий л хүчин чармайлт гаргах болно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )